АНУ-ын Засгийн газар Хятадын Засгийн газартай учир битүүлэг харилцаа холботой ба түүнийгээ нуун далдалсан гэж буруутгаж гурван хүнд ял тулгаж байна. Тэдгээрийн хоёр нь хятад гаралтай иргэд байгаа бол нэг нь Харвардын их сургуулийн профессор ажээ.
Массачусеттс дүүргийн прокурорын газраас тэдгээр хүмүүс тус тусдаа Америкийн судалгаа, технологийн холбогдолтой чухал мэдээ мэдээллийг Хятадад шилжүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Харвардын их сургуулийн Хими, биологийн танхимын эрхлэгч 60 настай доктор Чарльз Лиеберийг Хятадын төрийн мэдлийн байгууллагуудаас олон зуун мянган доллар авсан ба тэдэнтэй хамтарч ажилладаг тухайгаа худлаа ярьсан гэж буруутгажээ. Шүүхэд ирсэн баримтаар Лиеберийн судалгааны баг АНУ-ын Үндэсний анагаах ухааны хүрээлэн, Батлан хамгаалах хэлтсээс 15 сая ам.долларын санхүүжилт авсан тул гадны хөрөнгө оруулалт татсан нь хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байна.
Тэрээр Хятадын Ухань хотын Технологийн их сургуультай гэрээ байгуулж сар бүр 50,000 ам.доллар авч байсан ба тус сургуульд нано шинжлэх ухааны лаборатори барихад тусалснаар 1,5 сая ам.доллар авсан гэж үзжээ.
Харин 29 настай Хятад үндэстэн Янчин Иег визний залилан хийсэн, худал мэдүүлэг өгсөн, луйвардсан зэрэг хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж байна. Тэрээр өөрийгөө оюутны визтэй хэмээн худал хэлсэн ба АНУ-ын армийн цахим хуудсуудад нэвтэрч баримт материал цуглуулан Хятадад илгээж байсан гэж үзжээ.
Түүнчлэн хорт хавдрын талаар судалгаа хийдэг судлаач 30 настай Заосонг Зэнийг АНУ-аас Хятад руу 21 ширхэг хуруу шилтэй биологийн материал хууль бусаар хил давуулан наймаалах гэж байгаад баригдсан гэв. Тэдгээр хуруу шилтэй биологийн материалуудыг оймсондоо хийж хил давахыг оролдсон тухай мэдэгджээ.
Эх сурвалж: CNN