Татварын ерөнхий газраас 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны эхний улиралд багтаан ибаримт бүртгүүлсэн хүн бүрт олгохоор болсон.
Иргэдийн гар утсанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 2,1 дэх заалтыг тус тус хангахгүй байгаа тул таны бүртгүүлсэн урамшуулал цуцлагдсан болно” гэсэн мессэж иржээ.
Иргэдийн буцаан олгох ёстой мөнгөн дүнгээс бараг 60 хувь нь хасагдаж өөрчлөгдсөн гэх мэдээллийг зарим үзэгч, уншигч хэлж байна. Зарим нь 100-200 мянган төгрөг хасагдсан байна хэмээн бухимдаж байгаа юм. Ямар учраас НӨАТ-ын буцаан олгох ёстой мөнгөнөөс нь хасагдсан талаар Татварын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 5 дугаар зүйл буюу Албан татвар төлөгч, түүнийг бүртгэх, бүртгэлээс хасах "5.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна" гэж заажээ.
2.1 Заалт нь "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан зориулалтаар бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан хувь хүнд энэ журам хамаарна" гэсэн байна.
Өнөөдрийн хэвлэлийн хурлаар:
НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон байна.
2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон байна.
2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 911 мянга гаруй иргэнд 146.1 тэрбум төгрөг буцаан олгохоор болсон. 329 мянга гаруй иргэний баримтын 14.4 тэрбум төгрөгт эрсдэлийн үнэлгээ хийж тооцсон. Ингээд 996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн урамшууллын мөнгө хянагдаж байна.
996 иргэний хувьд шалгуур хангагдаж байвал буцаан олголтын мөнгийг өгнө, хангахгүй бол өгөхгүй. Жишээлбэл, нэг үүрэн телефоны оператор компанийн 346 сая төгрөгийн 8392 баримтыг бүртгүүлсэн. Нэг шатахуун түгээх станцын 73 сая төгрөгийн 16 баримтыг бүртгүүлж буцаан олголт авах гэсэн байсан. Иймэрхүү асуудалтай 996 иргэний баримтыг хянаж шалгаж байгаа.
Нэг газраас олон худалдан авалт хийж болно. Гэхдээ хамгийн гол нь тухай баримтуудын хугацаа ойрхон тохиолдолд, итгэмгүй дүнгээр НӨАТ-т бүртгүүлсэн сэжигтэй тохиолдолд шалгаж байгаа. Бусад сэжиггүй гэж үзсэн хэрэглэгчдийн буцаан олголтыг шилжүүлж эхэлсэн.
Зарим иргэний буцаан олголтын дүн хэмжээ багассан тухай гомдол гарч байгаа нь юутай холбоотой талаар сэтгүүлчид тодруулахад, ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан "Систем автоматаар ажиллаж байгаа. Яаж ч бодсон иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн шатахуун авах боломжгүй. Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлт дээр бид давхар хянаад зарим хүний аккаунтыг "шалгаж байгаа" төлөвөөс "буцаан олгох" төлөв рүү шилжүүлсэн. Одоогоор 996 иргэний аккаунт л "шалгаж байна" гэсэн төлөвтэй байгаа" гэлээ.
Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлаа дуусгаад Сангийн яаманд шилжүүлэх юм байна. Хуульд зааснаар буцаан олголтыг оны эхний улиралд багтааж олгох ёстой ч өмнөх жилүүдэд Цагаан сарын өмнө олгож байсан жишиг бий.