УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
"Өнгөрсөн хугацаанд "Оюутолгой" компанийн манай ТУЗ бусад компанийн ТУЗ-тай харьцуулахад мэргэжлийн ур чадвар хангалттай бус байлаа гэж дүгнэхээс аргагүй байдалд хүрсэн. Энэ бол хувь хүмүүсийн асуудал бус улсын эрх ашиг. Тийм учир шалгуурыг өндөр болгосон.
Гүний уурхайтай холбоотой мэргэжлийн хүн, төсөл удирдсан хүн байж гэмээнэ Монгол улсыг төлөөлнө. Хоёрт, олон улсын банк санхүүгийн хүн байх ёстой. Олон улсын мэргэшсэн эрхзүйч хүн байх зайлшгүй байх хэрэгтэй.
Засгийн газрын хуралдаанд шалгуур үзүүлэлтийг оруулж ирж, сайдуудын саналыг авч батлах хурал боллоо. Олон улсын нийтлэг жишгээр ажлын байрны тодорхойлтыг авна. Нэг жилийн хугацаатай байна. Ажлын хэсэг гарсан байгаа. Одоо байгаа ТУЗ-ийн гишүүдээс ч гэсэн шалгалт авч тэнцэх, тэнцэхгүйг харна гэж ойлгож болно. Сонгон шалгаруулалтыг нээлттэй явах уу, яах вэ гэдгийг ярилцаж байна.
Дэлхийн том корпорацитай дэлхийн дүрмээр л ажиллах ёстой. Бид зөвхөн "Рио Тинто" гэдэг компанитай хамтран ажиллах бус, бусад хувьцаа эзэмшигчтэй ижил тэгш харьцах ёстой. Энэ бол бидний барьж байгаа стратегийн нэг зорилт гэж хэлж болно.
Монголын талын ногдол ашгийг хэрхэн наашлуулах вэ гэдэг дээр арга зам эрэлхийлж байна. Маш олон баримтаар баталгаажсан маргаан гарвал Арбитрын шүүх дээр очно. Иймд бид хэлцэл хийхээс өөр гарцгүй. Ингэхийн тулд бид санхүүгийн удирдлагын менежментийн зардал, гаалийн татвар зэрэг нарийн асуудал руу орно. Энийг төлөвлөгөөний дагуу яриад хэлэлцээд явна.
Ухань хотод байгаа иргэдийн асуудлаар Гадаад хэргийн яам хэлцэл хийж байгаа" гэлээ.
Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс л “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлнө
Дашрамд дурдахад өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэр гарчээ. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулах шийдвэрийг Засгийн газар гаргаж, өнөөдөр уг тогтоолоо баталжээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
2010 оны 05 дугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна.