2020 оны 1-р сарын 29. Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үеийн мэдээллийг өгч байна.
Мэдээллийн эхэнд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэрбээр "2020 оны 01 сарын 28-нд ДЭМБ-ын удирдах ажилтнууд БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж, Ухань хотод халдварын тархалтыг удаашруулах, биологийн сорьцыг өгөхөөр тохиролцсон. Энэ нь эмчилгээний үр дүн гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 4593 тохиолдол батлагдаж 6973 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 132 нас баралт бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна 16 улсад 56 тохиолдол батлагдсан. Үүний 42-т нь БНХАУ-ын Ухань хотод аялсан хүмүүс байгаа бол зөвхөн нэг нь Вьетнамд бүртгэгдсэн бөгөөд ойрын хавьтал байсан.
Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд, 40 хувь нь архаг хууч өвчтэй гэсэн мэдээ байна. Коронавирусийн халдварын дэгдэлт 2003 онд гарсан SARS-н дэгдэлттэй харьцуулахад харьцангүй бага.
Халдвар авсан нийт тохиолдлын 20 хувь хатгалгаагаар хүндрэх магадлалтай байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмчилгээний тал дээр нарийн мэдээлэл гаргахаар ажиллаж байна гэлээ.
Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-д зорчсон халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй хүмүүс эмнэлгийн байгууллагад хандах нь зүйтэй. Халдвар БНХАУ-аас бусад улсад дэгдэлт хэлбэрээр биш, алаг цоог байгаа тул иргэд иргэний үүргээ биелүүлж, хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Жишээ хэлэхэд, АНУ-д бүртгэгдсэн таван тохиолдол бүгд БНХАУ-д зорчсон иргэд сайн дураар эмнэлэгт хандан оношлогдсон" гэлээ.
Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгааг ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар танилцууллаа.
Тэрбээр "Бидэнд ирсэн мэдээллээр дэлхий дахин 976 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 103 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогоор дэлхийн 20 орчим оронд сэжигтэй тохиолдол бүргэгдсэн байна. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй.
Тандалтын 4 дүгээр долоо хоногийн мэдээгээр Улаанбаатарт амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14.2 хувийг эзэлж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 9-29-ны хооронд нийт 36 хүнд тархвал судлалын тандалт, онош тодруулах шинжилгээг хийсэн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна.
БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн халуурсан 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан лобаротарийн шинжилгээ хийснээс 14 хүний онош үгүйсгэгдсэн. 18 хүний шилжилгээ хийгдэж байна. Өчигдөр улсын хилээр нийт 1,966 Монгол Улсын иргэн нэвтэрсэнд холбогдох журмын дагуу тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй" гэв.
Энэ сарын 27-ны өдөр Хэнтий аймагт 14 настай өндөр халууран ларенгит, уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн ч нас барсан талаар мэдээлсэн.
Цогцосноос сорьц авч ХӨСҮТ-д шинжилсэн бөгөөд хариу ямар гарсан талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "Хэнтий аймагт нас барсан охины шинжилгээний хариу өчигдөр гарсан. Бид шинжилгээ хийхдээ өмнө байсан 21 вирусийг илрүүлэх шинжилгээ болон коронавирусийг илрүүлэх тестүүдийг тавьсан. Шинжилгээний хариу А хүрээний H3N2 вирусийн халтгалгааны хүндэрлээс болж нас барсан гэж гарсан” гэсэн тайлбарыг өглөө.
Нийт 29 хүнээс шинжилгээ авахад 14 онош үгүйсгэгдсэн. Үүнд Ховд, Архангай, Хэнтий, "Дэрэн" клубийн тамирчдын сэжигтэй тохиолдол үгүйсгэгдсэн. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлан шинжилгээ авч үргэлжлүүлэн хийж байна.