МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн тойргийг 29/Хөдөө-20, Улаанбаатар хотод-9/, нийт 76 мандатын 24-г нь Улаанбаатараас, 52-г нь хөдөө орон нутгаас сонгохоор тогтсон. Эрх баригчдын энэ саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батална. Гэвч тойрог, мандатын хуваарилалтад сөрөг хүчин болох Ардчилсан нам таатай хандахгүй байна.
Ардчилсан нам засаглаж ахуй цагтаа Улаанбаатар хотын мандатын тоог нэмэгдүүлж 28 болгож байсан бол энэ удаа эрх баригч МАН дөрвийг нь хасч 24 болгосон. Ингэхдээ "олон мандаттай томсгосон тойрог учир нэг мандаттай аймгуудын мандатыг заавал хоёр болгох ёстой" гэх тайлбарыг хэлдэг. Харин Ардчилсан намынхан "хотынхоо мандатаас хасахгүйгээр хөдөө орон нутгууд дундаа зохицуулах ёстой" гэж үзсэн ч тэднйи хүчин мөхөстлөө.
Мэдээж МАН-ынхны тооцоолсноор тойрог, мандатын хуваарилалт батлагдах нь гарцаагүй. Учир нь тэд олуулаа. Гэвч тэдний тооцоолсон хуваарилалтыг сонгогчдын тоотой харьцуулж харвал нэлээд харьцангуй сонголт гарч ирэх нь.
Энэ тооцооллоор Баянгол дүүргийн гурван сонгогчийн өгсөн санал Хэнтий аймгийн нэг сонгогчийн өгсөн саналтай тэнцэх ажээ. Өөрөөр хэлбэл, 77 мянган хүн амтай Хэнтэй аймагт гурван мандат, түүнээс бараг гурав дахин их хүн амтай буюу 226 мянган хүн амтай Баянгол дүүрэг ч мөн адил гурван мандаттай байгаа юм. Энэ нь АН-ынхан шударга бус санагдаж байгаа нь лавтай.
Түүнтэй яг ижил 83 мянган хүн амтай Увс аймаг гурван мандаттай. Харин Увсаас хоёр дахин их 178 мянган хүн амтай Хан-Уул дүүрэг мөн л адил гурван мандаттай...
Гэхдээ энэ бол АН-д барих МАН-ынхны хариу бэлэг. Учир нь АН 2016 онд тойрог, мандатын хуваарилалтыг өөрсдийн эх ашигт нийцүүлэн, хуваарилж байсан билээ.