Бельгийн вант улсын хаан хоёрдугаар Альберт шүүхийн шийдвэрээр албадан ДНХ-ийн шинжилгээ өгсний дараа уран бүтээлч Дельфин Боелын төрсөн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 2013 онд эрүүл мэндийн шалтгаанаар ууган хүүдээ хаан ширээгээ залгамжлуулсан Бельгийн хаан 51 настай Дельфин Боелыг төрсөн охиноо гэж хүлээн зөвшөөрөлгүй 10 орчим жил хууль, шүүхийн байгууллагаар маргасан байна.
Өнгөрсөн жилийн тавдугаар сард Брусселийн давж заалдах шатны шүүхээс хаан асан Альбертыг эцэг тогтоох шинжилгээнээс татгалзсаар байвал хоногт 5,000 еврогийн торгууль төлнө гэдгийг анхааруулсан юм. Хаан Альбертын өмгөөлөгчид Боелыг төрсөн охиноо гэдгийг хүлээн зөвшөөрснөөр дөрвөн хүүхэдтэй болж байна гэж зарлажээ.
Харин Боелын өмгөөлөгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд биологийн эцэг нь төрсөн охиноосоо татгалзсаар байсан нь маш хүнд байсан гэдгийг онцлон хэлсэн байна. Дельфин Боел 2013 онд хоёр хүүхдийнхээ нэгийг уушгины хатгалгаагаар алдсаны дараа хаан Альбертын эсрэг хуулийн байгууллагад хандсан юм.
Альберт 1966-1984 оны хооронд дөрөв дэх охиныхоо ээж язгууртан гаралтай эмэгтэй Баронесс Сибилле дэ Сэлис Лонгчампстай гэр бүлээс гадуур ойр дотно харилцаатай байсныг 2005 онд олон нийтэд мэдэгдэж байсан юм. Харин хаан гэр бүлээс гадуур дахин нэг хүүхэдтэй болсон гэдэг цуурхал1999 онд олон нийтийн дунд гарчээ.
Хоёрдугаар Альберт хаан 1993 онд ахыгаа таалал төгссөний дараа гэнэтийн байдлаар хаан ширээнд заларсан байдаг. 1959 онд Италийн язгууртан Донна Паола Руффо ди Калабриатай гэрлэж хоёр хүү, нэг охинтой болжээ. Тэрээр гэр бүлээс гадуур харилцаанд орох үедээ эхнэртэйгээ таагүй харилцаатай байсан хэмээн эх сурвалжид дурдсан байна.
Эх сурвалж: The BBC, The Guardian