УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 440.2 тэрбум төгрөгт ирэх оны төсвөө төлөвлөх чиглэл өгсөн ч урсгал зардлыг хянаж 66 тэрбум төгрөг нэмэх санал оруулсныг онцоллоо. Тухайлбал, цалингийн нэмэгдэл, урамшууллын зардалд 39 тэрбум, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 508 сая, хангамж бараа материалын зардалд 209 сая, норматив зардлыг 1.5 тэрбум, бараа үйлчилгээний бусад зардал 2.8 тэрбум төгрөг зэргээр төлөвлөжээ.
Мөн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардал 36 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд төслийн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Түүнчлэн тус Байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллийг сонслоо.
Тэрбээр “Улсын хэмжээнд нийт 11877 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 14.2 хувийг хэрэгсэхгүй болгож, 64.5 хувьд нь эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулсан бөгөөд 2767 хэрэгт албадлагын арга хэмжээ авахуулсан. Зөрчлийн улмаас иргэнд 2.5 тэрбум, хуулийн этгээдэд 2.4 тэрбум, төрд 200 сая төгрөг, нийтдээ 5.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Иргэнд учирсан хохирлын 60.7, хуулийн этгээдэд учирсан хохирлын 2.8, төрд учирсан хохирлын 46 хувийг тус тус нөхөн төлүүлсэн” гэв. Улсын ерөнхий прокурорын мэдээллийн дараа УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуусан юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд оффшор бүсээс мөнгө орж ирсэн эсэхийг тодруулав. Энэ үеэр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан оффшор бүсээс мөнгө орж ирээгүй бөгөөд оффшор данстай хүмүүсийн тодорхой хөрөнгийг битүүмжлэх талаар гадаадын хууль хяналтын байгууллагууд руу хүсэлт явуулсан талаар мэдээлэв. Харин оффшор данстай гэгддэг УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан энэ үеэр “Оффшор гэж улс төрждөг гишүүд олон бий. Оффшор гэж ярьснаас болж хөрөнгө оруулалт багассан. Үүнийг бүгд мэдэж байгаа. Би оффшорчдын нэг болоод шалгуулж ч байна. Уг нь, би Хонконгт данстай. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар Хонконгийг оффшор бүс болгон зарласан. Энэ тохиолдолд яах вэ, би хууль зөрчих үү” хэмээн тодруулав.
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Оффшор бол бизнесийнхээ хувьд байх ёстой. Бид татвар төлөхгүй, мөнгөө л нууж байгаа асуудлыг ярьдаг. Түүнээс оффшор бүсэд данс нээгээд наашаа, цаашаа хөрөнгө оруулалт хийж байгаа бол асуудал болохгүй. Энэ бол байх ёстой зүйл” гэж хариулав.