Корона вирусийн халдвартай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзоригоос тодрууллаа.
Засгийн газрын ХМОНХА-ын дарга Ц.Ганзориг:
-Цахим хичээл явуулах техникийн ажил дууссан. Маргааш /2020.01.29/ Засгийн газрын ээлжит хуралдаан дээр танилцуулна. Цахим хичээлийг арав гаруй телевизээр явуулна. МҮОНТВ дээр тусгайлан зассан тайзан дээр цахим хичээлүүдээ заана.
Багш нарыг мөн амраах саналыг салбарын сайд Засгийн газрын хуралдаанд оруулж байна. Ингэхдээ цалинг нь хэвийн олгоно. Хувийн хэвшлийн багш нарт мөн хамааралтай.
Зохиомол үнийн хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Хүнсний хомсдол үүсэхгүй гэдгийг дашрамд дуулгая. Хүнсний төв, барааны захуудын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Хэвийн горимоор ажиллаж байна.
-Ухань хотод байгаа 31 оюутныг авчрах асуудал юу болж байна?
-Ухань хотод байгаа иргэдээ татах хүсэлтийг манайхаас гадна 14 улс тавьсан байна. Манай Гадаад харилцааны яамнаас иргэдээ татах ноот бичиг хүргүүлсэн. Гэхдээ Хятадын Засгийн газар аль ч улсад хариу ирүүлээгүй байна. Тухайн бүс нутагтаа эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаагаа хэлж байна. Дипломат төлөөлөгчдийн газрууд 24 цагаар ажиллаж, иргэддээ мэдэлэл хүргэж байна.
-Хүүхдээ харсан ээжүүдэд цалинтай чөлөө олгох нь батлагдсан уу?
-Энэ шийдвэрийг гурав дахь жилдээ Засгийн газраас гаргаж байна. Төрийн байгууллагуудад бүрэн хамааралтай. Хувийн хэвшлийнхэнд зөвлөмж хүргүүлсэн. 0-5 хүртэлх насны хүүхэд нь өвдсөн эхчүүдэд тав хоногийн цалинтай чөлөө өгөх шийдвэр гаргасан.