БНХАУ-д Уханийн коронавирусийн халдвараар амиа алдсан хүний тоо 106-д хүрч, халдвар авсан иргэд 5,000 орчим болсныг эх сурвалжууд мэдээлж байна. Вирусийн халдвар төсөөлж байснаас хурдан тархаж байгаа буюу халдвар авсан иргэдийн тоо хоногт 2,835-р нэмэгдсэн нь эрх баригчид, эмч мэргэжилтнүүдийг түгшээж байгаа юм.
Халдварт өвчин эхний 10-14 хоногт далд үед байдаг учир халдвар авсан иргэдэд шинж тэмдэг удаан хугацаанд илрээгүйн улмаас мэдэлгүй халдварыг тараасаар байгаа нь гол хүндрэл болж байна.
Хятадын Засгийн газар болоод дэлхийн улс орнууд халдварын тархалтыг намжаахын тулд тээвэр зуучлал, нийтийн тээврийн хэрэгсэлд тавьсан хоригоо улам бүр чангатгахаар болжээ. Тухайлбал Канад улс Хятадын Хубэй муж руу хийх бүх нислэг, аяллыг цуцалсан байна.
ХБНГУ-д халдварын эхний тохиолдол бүртгэгдсэн бол Шанхай хотод 13 шинэ тохиолдол илэрчээ. Мөн Хятадын нийслэл Бээжин хотод халдвар авсан иргэн амьсгал хураасан байна. Тиймээс хотоос Хубэй мужийн чиглэлд ихэнх автобус үйлчилгээг зогсоож, тус мужаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн хугацаанд ажиглаж байна.
Цагаан сарын баярын томоохон арга хэмжээнүүдийг цуцалж, баярын амралтыг энэ долоо хоногийг дуустал сунгаад байгаа юм. Хятадын нутаг дэвсгэрээс гадна халдварын 47 тохиолдол бүртгэгдсэн байна.
Амиа алдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь суурь өвчтэй ахмад настай хүмүүс байна. Одоогоор халдварыг бүрэн эмчлэх зохих ёсны эм, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авч амжаагүй байгаа юм.
Эх сурвалж: BBC