Эрүүл мэндийн яамны өдөр бүрийн 11 цагт зохион байгуулж байгаа хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулж байна. Хэнтий аймагт 14 настай охин уушгины хатгалгаагаар нас барсан тохиолдол гарсан. Мөн, Архангай аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн болон Хонконгоос ирж, тусгаарлагдаад байгаа хоёр иргэний талаарх мэдээллийг та бүхэн хүлээн авч үзнэ үү.
Хятадын үндэсний эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр шинэ төрлийн коронавирусийн халдвар тээгч нийт хүмүүсийн тоо тус улсад 4 439 болж, амиа алдсан хүмүүсийн тоо 106 хүрчээ. БНХАУ-аас гадна бусад улс орнуудад нийт өвчлөгсдийн тоо 4474-д хүрсэн бол, онош тодруулах шатандаа 5796 хүн байна гэсэн мэдээлэл байна.
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүний ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн.
Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байна. Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байгаа. Тухай бүрт нь мэдээллийг өгч ажиллана гэдгээ албаныхан хэллээ.
Манай улс шинэ коронавирусийн 200 оношлуурыг өчигдөр хүлээн авсан. Шаардлагатай тохиолдолд нэмж оношлуур авах арга хэмжээг авч ажиллана.
2019 онд улсын хэмжээнд уушгины хатгалгаа өвчнөөр 78100 хүн өвчилснөөс 431 хүн нас барсан гэсэн статистик тоо байна.
Амны хаалт эмийн бөөний төвүүдэд дуусаж, зохиомол хомсдол үүсгэж иргэд нөөцөлж байна. Үйлдвэрүүд захиалгаа дийлэхгүй байна. Хүчин чадлаа дотоодын үйлдвэрүүд нэмэгдүүлэн ажиллаж байна. Дотоодод амны хаалт үйлдвэрлэж буй хоёр үйлдвэр байгаагийн нэг нь хоногт 42,000 ширхэгийг, нөгөө нь хоногт 30,000 ширхэгийг үйлдвэрлэх боломжтой. Импортоор мөн орж ирж байгаа. Тавин-Ус, Монос гэсэн компаниудад байгаа нөөцийг өнгөрсөн амралтын өдрүүдээр эм ханган нийлүүлэх төвүүд рүү хүргэсэн байна.
Манай улс Ухань хотоос иргэдээ авах хүсэлтээ гаргасан. Одоогоор 10 улс иргэдээ авах хүсэлт гаргаад байгаа юм байна. БНХАУ-ын зүгээс иргэдэд нь шаардлагатай эрүүл мэндийн үзлэг хийгээд хүсэлтийг шийдвэрлэж байгаа гэж албаныхан хэллээ.
Хилээр орж ирж байгаа иргэдийг хянах тал дээр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлэх тал дээр бэлэн байгаа гэдгээ албаныхан хэлж байна.