Ихэнх эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодисын 2-4 сарын нөөцтэй байсан боловч бүгд дуусч, дахин хангалт хийхээр холбогдох байгууллагуудад нь захиалга өгснөөс гадна халдваргүйжүүлэгч бодис, дархлаа дэмжих эм, цайны хангалтыг сайжруулахаар 2-3 ээлж гарган ажиллаж байгаа талаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, “Монос Улаанбаатар” ХХК-ийн захирал Л.Алтанцогт нар нийслэлийн Онцгой комиссын гишүүн, Шуурхай ажлын хэсгийн дарга Ш.Анхмаад танилцуулав.
Мөн дотооддоо амны хаалт үйлдвэрлэж байгаа “Мөнхийн тун” ХХК-ийн хувьд ээлжээ нэмж, өдөрт 30-35 мянган ширхэгийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж буйгаа танилцуулж мэдээлэл өглөө.
Уулзалтаар нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудаар зарагдаж байгаа амны хаалт, ариутгалын бодисын нөөц, хомсдол, үнийн хөөрөгдлийн талаар ярилцаж, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоон дээр 95155201 дугаарын утас ажиллуулж, иргэдээс ирж буй гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэхээр боллоо.
Мөн Эрүүл мэндийн яамнаас эм, халдваргүйжүүлэгч бодис үйлдвэрлэхэд шаардлагатай бодисын нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх, импортын зөвшөөрлийг богино хугацаанд олгох зэргээр дэмжлэг үзүүлж байгаа талаар мэдээлж, нийгмийн хариуцлагын үүднээс бүх хүчээ дайчлан ажиллахаар болсноо илэрхийлсэн байна.