Монгол улсын Засгийн газраас олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсан ч өнөөдөр Төрийн ордонд ЖДҮ-ийн үзэсгэлэн нээлтээ хийжээ.
ХХААХҮЯ-аас гадагш урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, эх оронч худалдан авалтыг нэмэгдүүлэх үүднээс “Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяныг эхлүүлсэн байна. Аяны хүрээнд “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” нэртэй үзэсгэлэн худалдааг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан нь энэ ажээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шинэ коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон ч энэ арга хэмжээг нэг сарын өмнөөс бэлтгэсэн учир хойшлуулах боломжгүй гэсэн тайлбарыг салбар хариуцсан сайд нь хэлж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд Хөнгөн хүнсний салбарын нийт 136 аж ахуйн нэгж оролцож байна. Сар шинийн баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр худалдан авалтад дотоодын үйлдвэрүүдийн эзлэх хэмжээ 50 хувь хүртэл нэмэгдэх боломжтой гэж салбар яамнаас мэдэгдэж байна.