УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж гурван асуудал хэлэлцсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нэгд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийн талаар болон, энэ долоо хоногт УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалтын асуудлаарх байр сууриа илэрхийллээ. Гуравдугаарт, цаг үеийн асуудал болон коронавирусийн өвчлөлийн асуудлаар иргэдийн санал бодлыг төр засагт уламжлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
АН-ын зүгээс Улсын Ерөнхий прокуророос энэ сарын 15-ны өдөр гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хурлын хугацаа удааширч байгаа тул яаралтай хуралдах шаардлагыг тэд хүргүүлж байсан. АН өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганд дэмжсэн байр суурьтай байна гэдгээ хэллээ.
Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн тойргийн асуудалд нийслэлийн тойргийг багасгаж байгаа асуудлыг эсэргүүцэж байгаа. Энэ байр суурин дээр байгаагаа дахин илэрхийллээ.
Гуравдугаарт, коронавирустай холбоотой элдэв мэдээлэл гарч байгаа бөгөөд холбогдох газрууд иргэдэд мэдээлэл өгөхдөө онцгой анхаарч ажиллахыг хүсч байгаагаа илэрхийллээ. Мөн, оюутан, сурагчдын хичээлийг түр хаасантай холбоотойгоор орон нутгийн оюутнуудыг хөдөө орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулах, оюутны байруудыг хааж, халдваргүйжүүлэх иргэдийн хүсэлтийг уламжлахаа АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэлээд удаан авч байна гэж үзэж байна. Мөн, баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх амны хаалт болон ариутгах хэрэгслийн хүртээмж хомсоос гадна үнэ хөөрөгдөж байгаа асуудлыг ч анхаарах нь зүйтэйг онцоллоо. Иргэдэд өгөх сурталчилгааны мэдээлэл хомс байна. Энэ тал дээр анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
"Олон дуулиантай асуудлын хажуугаар зарим хэрэг дарагдаж өнгөрөх нь ээ. Тагнуулын ажилтнууд дээрэм хийсэн асуудал өнөөдөр дарагдаад өнгөрөхөөр боллоо. Эхлээд тагнуулын байгууллагын ажилтнууд дээрэм хийсэн гэж байсан хэр нь одоо цагдаатай нэг обьект дээр хамтарч ажилласан болоод дуусах нь. Шударга үнэний сэлэм болсон Ерөнхий сайд нь юу хийж байна вэ, салбарын сайд нь өнөөдөр юу хийж байна вэ. Улстөржиж байгаа юм биш. Бид энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавих болно" гэв.