Монголбанкнаас өнөөдөр “Ариг банк”-тай холбоотой асуудлаар албан ёсоор мэдээлэл хийлээ.
Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил:
Ариг банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ариг банкны хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүссэний улмаас хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж чадахгүй байгаа. Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж чадахгүй, эрх зүйн чадамжгүй болсон ба зохистой засаглал алдагдсан тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс Банкны тухай хуульд заасны дагуу нөхцөл байдлыг Нөхцөлт удирдлагын арга хэмжээг авч ажиллахаар болсон.
Ариг банкнаас 2019 оны санхүүгийн тайлангаа Монголбанкинд ирүүлсэн. Тус тайлангаас харахад төлбөр гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байгаа. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэв.
Монголбанкны Хяналт шалгалтын захирал Н.Батсайхан:
Аригбанк нь Монголбанкны Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Хувь нийлүүлэгчдийнхээ хурлыг хийж чадахгүй байгаа. ТУЗ бүрэн томилогдож чадахгүй, чадамжгүй болсон учраас нөхцөлт удирдлагын арга хэмжээг авсан.
Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч өнөөдрөөс эхлэн тухайн банкны удирдлагыг гартаа авч, удирдлагыг хэрэгжүүлж байна. Тухайн банкинд нүүрлээд байгаа асуудлыг шийдэгдэж, ТУЗ нь бүрэн томилогдож хэвийн болох хүртэл томилогдсон удирдлага нь үйл ажиллагааг явуулна.