Баян-Өлгий аймгийн малчин Икей Серикболын хоттой мал руу чоно дайрч, түүний эхнэр Мүкремхан Нургүл чоныг гурилын элдүүр болон сүхээр цохиж хөнөөсөн тухай мэдээлэл сошиалаар цацагдсан. Болсон үйл явдлын талаар малчин Икей Серикболтой утсаар холбогдож цөөн хором ярилцлаа. Тэрбээр сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
-Сайхан өвөлжиж байна уу, та. Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайхан өвөлжиж байна. Манайх Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаанчулуу багийн малчин айл. Намайг Икей Серикбол, эхнэрийг маань Мүкремхан Нургүл гэдэг. Бид гурван хүүхэдтэй, хоёр нь сумын төвд сургуульд, бага одоо зургаан настай бидэнтэй хамт амьдардаг. Манайх сүүлийн 20 орчим жил мал маллаж амьдарч байна. Манай өвөлжөө сумын төвөөс хойш 30 километрийн зайд байдаг.
-Хотонд нь чоно орж ирж, тань руу дайрахад эхнэр тань гурилын элдүүр, сүхээр цохиж таныг аварсан гэсэн. Тэр талаар та ярихгүй юу?
-Энэ сарын 24-ний үүрээр 06:00 цагийн үед нохой маань тасралтгүй боргосон. Эхнэр бид хоёр гайхаж, яарч сандарч гэрийнхээ гадаа гарахад хотны хажууд нохойноос маань өөр амьтан зогсож байсан. Гэгээ арай ороогүй байсан болохоор эхлээд нохойгоо байна гэж бодсон чинь чоно байсан. Хот руу дайрах гэж байсан чоно намайг гэрийн хаалгаар гарч ирээд, хашгирч, дуугарахад зүгээ өөрчилж над руу давхиж дайрсан. Тухайн үед би гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан болохоор газар самардаж, шороо, чулуу авч чоно руу шидэж, биеэ хамгаалсан. Тэгсэн чоно гэнэт зогсож, буцаад шогшиж байснаа буцаж над руу дайрсан. Намайг чиглээд ирэхээр нь тэвэрч аваад боож унагаагаад хашгирч, эхнэрээсээ тусламж хүссэн. Угаасаа эхнэр бид хоёр цуг гарах гэж байгаад манай хүн хувцсаа өмсөөд үлдсэн юм. Эхнэр миний араас бараг 4-5 минутын дараа гарч ирэхдээ гурилын элдүүр барьж, гарч ирээд чонын духан дундуур нэг л удаа цохисон. Ганц цохиод л гурилын элдүүр маань хугарч, би эхнэрээ “Сүх аваад ир” гэж хэлсэн. Тэгээд л дарж авсан даа.
-Тухайн үед та хоёр маш их сандарсан байх даа?
-Би маш тайван байсан. Харин эхнэр маань жаахан сандарсан байх. Тухайн үед би чоныг хүзүүгээр нь тэвэрч газар унагаана л гэж бодсон болохоор унагаасны дараа тайвширсан. Харин духан дундуур, хоншоор руу нь цохиорой гэж эхнэртээ хэлж зааварчилгаа өгч багийн ажиллагаа хийсэн (инээв). Хоншоор руу нь сүхээр ганц хоёр удаа цохисны дараа чоно муужраад унаад өгсөн. Тэгээд тэвэрч байснаа болиод босоод өөрөө бас хэд хэдэн удаа толгойн дундуур нь үхээгүй байж магадгүй гээд цохиж гүйцээсэн. Хүмүүс чоныг үхсэн дүр үзүүлдэг амьтан гэж ярьдаг болохоор гүйцээж цохисон нь тэр юм.
-Эхнэр тань таны араас гарч ирэх таван минутын хугацаа урт байсан уу. Юу бодогдож байв?
-Их юм бодох ч зав байгаагүй. Ямар ч гэсэн би байдгаасаа илүү тайван байсан (инээв). Чоно үхсэний дараа эхнэр маань багийн эмч рүү залгаж, дуудлага өгсөн.
-Одоо таны биеийн байдал зүгээр үү?
-Би сумын төвийнхөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Чоно ноцолдож байх хооронд миний зүүн гарын эрхийн хуруунаас хазаж амжсан байна лээ. Бас доод уруул руу хальт самардсан байна. Зэрлэг ан амьтанд хазуулсан учраас галзуу өвчний эсрэг вакцин тариулж, гарандаа боолт хийлгэж байна. Манай эхнэрийн бие зүгээр. Сэтгэл санаа нь жаахан тогтворгүй, айсан гээд байхаар нь дүүгээ дуудаж, намайг гэртээ харьтал хань болж бай гээд аваачсан байгаа.
-Өнгөрсөн намраас хойш зэрлэг ан амьтад идэш тэжээлийн дутагдалд орсноос болж, айлын хоттой болон бэлчээрт яваа мал руу дайрах нь элбэг болсон. Өмнө нь танай хотонд чоно орж ирж байв уу?
-Манайх руу болон саахалт айлуудын хотонд чоно дайрч, орж ирж байсан тохиолдол ойрын хэдэн жил гараагүй. Ойр хавьд олон айл байдаг ч тэр өдөр зөвхөн манайх руу л чоно дайрсан юм билээ. Идэш тэжээлийн дутагдалд орсон, эцэнхий чоно байсан. Тийм болохоор л бид амархан дарж авсан байх. Тэрнээс залуу, азарган, цатгалан чоно байсан бол манай гэр бүл идүүлж, балрах байсан. Өлсгөлөн чоно учраас л айлын хоттой малаар эргэлдэж, явсан биз. Би бас адуу, малтай ноцолддог, бага зэргийн бяртай болохоор хурдан хугацаанд боож, газарт унагаасан байх. Тэрнээс биш манай эхнэр гэрээс түрүүлээд гарсан бол балрахгүй юу.