СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коби Брайнтын нисгэгч нислэгийн горим зөрчсөн үү?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Домогт сагсанбөмбөгчин Коби Брайнт болон түүний 13 настай охин Жианна нарын зорчиж байсан нисдэг тэрэг орон нутгийн цагаар ням гарагийн өглөө 10 цагийн орчимд осолдсон гэж мэдэгдсэн. S-76B загварын нисдэг тэргэн дотор нийт есөн хүн байсан гэдгийг албаны хүмүүс тодруулсан ч харамсалтай нь тэдгээр зорчигчдын  аль нь ч ослоос амьд үлдээгүй юм.

Яг ийм загварын нисдэг тэрэг барьдаг, Брайнтын нисгэгч байсан Көрт Дийтзтэй холбоо барихад S-76B нисдэг тэрэг нь ямар ч төмөр хүлэгтэй харьцуулшгүй бат бөх, аюулгүй учраас тэр бүр гэмтлээс шалтгаалан осолдох боломжгүй гэж бодож байгаагаа Нью-Йорк Таймсын сурвалжлагчид ярьжээ. Мөн осол болох үед манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан нь ослын шалтгаан байж болзошгүй хэмээн мэдэгдсэн байна.

Калифорни мужийн Калабасас хотын Лас Вирженесийн талд болсон ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа юм. Ойрхон амьдардаг гэрчийн ярьснаар ямар нэг зүйл дэлбэрэх шиг чанга чимээ дуулдсан гэжээ. Лос Анжелесийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр ням гарагийн өглөө цаг агаарын байдал нислэг үйлдэхийг зөвшөөрдөг стандартад нийцээгүй байжээ. Хэт их үүлэрхэг, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учраас нислэгийн горим зөрчихгүйн тулд тухайн өглөө бүх нисдэг тэргүүдээ хөөргөөгүй гэж мэдэгджээ.

Осолдсон нисдэг тэргэнд хар мамба хочит домогт сагсанбөмбөгчин, түүний охин Жианнагаас гадна Харбор Дэй сургуулийн сагсанбөмбөгийн охидын багийн туслах дасгалжуулагч Кристина Маузер, Орэнж коаст коллежийн бейсболын дасгалжуулагч Жон Алтобелли, түүний хамаатнууд болох Кэри, Алисса Алтобелли нар байсныг гэр бүлийнхэн нь мэдэгджээ.

Брайнт өөрийн Мамба спортын академид болох өсвөрийн тамирчдын тэмцээнд охиноо дасгалжуулахаар явж байсан юм. Ослын дараа тэмцээний бүх тоглолтуудыг цуцалжээ. АНУ-ын үе үеийн төрийн тэргүүнүүд болох Билл Клинтон, Барак Обама, Дональд Трамп нар албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн байна. Сагсанбөмбөгийн хорхойтнууд, олны танил эрхмүүд, одод гээд дэлхий даяар түүнд хүндлэлээ үзүүлсээр байгаа юм.

Эх сурвалж: The Guardian, The BBC, CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.