Америкийн сагсан бөмбөгийн түүхэнд алтан од болон гялалзаж, шүтэн бишрэгчдийнхээ домог, нэр төртэй тоглогч төдийгүй уран бүтээлч, хайрт эцэг, халамжит хань байсан Коби Брайнт 41 насандаа нисдэг тэрэгтэйгээ осолдож 13 настай охин Жианнагийн хамт хорвоог орхисон харамсалтай мэдээ дэлхий дахиныг цочирдуулсан билээ.
Яг энэ цаг мөчтэй давхцан Америкийн хөгжмийн дээд шагнал гардуулах Грэммийн наадам Staples төвд зохион байгуулагдаж байна. Staples Center бол домогт сагсан бөмбөгчин Коби Брайнтын 20 гаруй жил тоглосон Лос Анжелес Лейкерс багийн дэвжээ юм.
Энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолыг дуучин Алишиа Кийс хөтлөн дамжуулж байна. Грэмми 2020 наадам алдарт сагсан бөмбөгчин агсан Коби Брайнтад хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлснээр нээлтээ хийжээ. Түүнийг хүндэлж, хайрлаж, биширч ирсэн одод чин сэтгэлийн угаас гүн эмгэнэл илэрхийлэн олон сая хүний зүрх сэтгэлийг хөндсөн юм.
Алишиа Кийс “яг одоо бид бүгд уйтгар гунигт живж байна. Өнөөдөр Америк, тэр дундаа Лос Анежелес, дэлхий ертөнц баатар эрээ алдлаа. Бид Коби Брайнтын босгосон ордонд сэтгэлийн шархтайгаар цугласан байна” хэмээн нээлтийн үеэр мэдэгджээ.
Шагнал гардуулах ёслолыг нээж үг хэлснийхээ дараа тэрээр Boyz II Men хамтлагтай хамтран It’s So Hard To Say Goodbye буюу "Баяртай гэж хэлэхэд хэтэрхий хүнд байна" дууг тайзнаас дуулж дурсгалыг нь хүндэтгэсэн байна.
Поп од Лиззо “өнөө шөнө бол Коби, чамд зориулсан үдэш байх болно. Би чамд хайртай учраас нулимсаа барьж чадалгүй уйлан гашуудаж байна” хэмээн уй гашуугаа хуваалцсан байна. Мөн энэ жилийн Грэмми наадмаас шилдэг поп цомгийн эзнээр шалгарсан дуучин Билли Эйлиш “энэ үйл явдлыг үнэн гэдэгт огт итгээгүй, түүнийг үгүй болсон гэдгийг сонсоод энэ хуурамч мэдээ байх гэж бодсон. Үнэхээр итгэмээргүй. Хүн бүхэн Кобиг мэддэг. Би хүүхэд насаа Лос Анжелест өнгөрөөсөн. Болсон явдалтай эвлэрч чадаагүй учраас энэ талаар цааш ярих амаргүй байна” гэжээ.
62 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол бүхэлдээ Коби Брайнтад хүндлэл үзүүлсэн, эрхэм хайртай нэгнээ алдсан уй гашууг хуваалцсан уур амьсгалтайгаар үргэлжилж байна. Дэлхий даяар бурхны хайртай хүүг үдэн, гашуудал зарласаар байна.
Эх сурвалж: The BBC