БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс энэ сарын 26-ны өнөөдрийн 11.00 цагийн байдлаар тус улсад шинэ короновирусийн халдварын 3 дахь тохиолдол илэрсэн болохыг албан ёсоор мэдэгдэв.
БНСУ-ын иргэн /55 настай, эрэгтэй/ БНХАУ-ын Үхань хотод оршин суудаг байсан бөгөөд энэ сарын 20-ны өдөр нутаг буцаж иржээ. Тэрээр 22-ны өдрөөс эхлэн өндөр халуурч эхэлж, 25-ны өдөр Халдварт өвчин судлалын төвийн шуурхай мэдээллийн 1339 утсанд биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн байна.
Түүнийг БНСУ-ын Гёнги мужийн Мёнжи их сургуулийн эмнэлэгт тусгаарлаж, анхан шатны үзлэгээр шинэ короновирусийн халдвар болохыг тогтоосон байна.
Одоогийн байдлаар БНХАУ-аас БНСУ-д ирсэн өндөр халуунтай, ханиалгах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн 48 иргэнийг эмнэлгийн хяналтад байлгаж байгаагаас 47 иргэний шинэ короновирусийн шинжилгээ сөрөг гарч, 1 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр шинэ коронавирусийн халдвараар 2012 хүн өвчилж, 59 хүн нас бараад байна.
Шинэ коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд:
1. Гараа савандаж тогтмол угааж байх (нэг удаа гараа угаахдаа дор хаяж 20 секунд болох)
2. Бохир гараараа нүдээ нухлах, хамар, амандаа хүрэхгүй байх
3. Ханиалгасан, найтаасан хүнээс аль болох хол байх, маск хэрэглэх
4. Онцын шаардлагагүй бол хүн зон олонтой газраар явахгүй байх
5. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ сайн хийх, хувийн ариун цэврээ чандлан сахихыг зөвлөж байна.