Дөнгөж сая Улсын Онцгой комиссийн хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргалаа.
Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, одоогоор 26 хүн нас барж, маш хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргасан. Энэхүү саналыг Улсын онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцээд 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийг амраах шийдвэр гарлаа.
Сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр өмчийн хэлбэр үл харгалзахгүй ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт хамаарах бөгөөд МСҮТ, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоохгүй, хэвийн үргэлжлэх юм байна.
Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Томуу, томуу төст өвчний тохиолдол амбулаторийн үзлэгийн 9.5 хувийг эзэлж байгаа үед коронавирусийн эрсдэл орж ирвэл хүүхдээр тогтохгүй хүн амын хувьд эрсдэлтэй гэж үзсэн учраас Улсын Онцгой комисст санал оруулсан. ЭМЯ тодорхой дөрвөн санал оруулсан.
Нэгдүгээрт, гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох,
Хоёрдугаарт, Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах үүднээс эм тариа, бусад нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх,
Гуравдугаарт, БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудын хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах,
Дөрөвдүгээрт, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах болсон. Тэр нь хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлахад хөрш орондоо мэдэгдэж, шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тийм учраас хилээр нэвтрэх явган иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ" гэлээ.
Сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу заах ажээ.