Урд хөршийн Ухань мужид анхны тохиолдол нь илэрснээс хойш богино хугацаанд хурдацтай тархаж буй коронавирусийн шинэ төрлийн халдвар авсан байж болзошгүй тохиолдлууд өчигдөр Монголд шил даран бүртгэгдлээ. Тодруулбал, Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусаар зорчиж явсан зургаан настай охин өндөр хэмтэй халуурсан байдалтай Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэсэн мэдээлэл үдээс өмнө гарсан.
Энэ талаар Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэгээс тодруулахад “Ээжтэйгээ хамт явсан зургаан настай хүүхэд өндөр халуурсан байдалтай Замын-Үүд боомтоор орж ирсэн нь үнэн. Гэхдээ коронавирусийн шинэ төрлийн халдвартай, эсэхийг эцэслэн тогтоогоогүй байна. Хүүхдийн биеийн байдлыг үзэж, шинжилгээ авсан. Ээж нь халуураагүй, ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй. Хүүхдийг ээжтэй нь хамт эмнэлэгт тусгаарлаад байна. Одоогоор охины биеийн байдал хэвийн, өглөөнөөс хойш халуураагүй.
Ээж, охин хоёр БНХАУ-ын Өвөрмонголын иргэн. Тэднийг шинжилгээний хариу гарахаар нутаг руу нь буцаахаар ярилцаж байгаа. Автобусанд ээж, охин хоёртой хамт зорчиж явсан, Монгол Улсын 17 иргэнээс шаардлагатай шинжилгээг авсан. Одоогоор ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрээгүй байна. Бид хилээр нэвтэрч буй иргэдийг нэг бүрчлэн үзэж, шалгаж байгаа” гэв.
Дээрх асуудалтай холбоотойгоор ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд фэйсбүүкээр шуурхай мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Замын-Үүд боомтоор хил нэвтэрч орж ирсэн иргэдээс коронавирусийн шинэ төрлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор ээж нь толгой өвдсөн, зургаан настай хүүхэд нь халуурсан байдалтай Өвөрмонголын хоёр иргэн хил нэвтэрсэн.
Ээжийг хүүхдийн хамт тусгаарлан, шинжилгээний хариуг хүлээж байна. Шинжилгээний сорьцын хариу маргааш (өнөөдөр) гарна. Шинжилгээний хариу сөрөг гарвал зүгээр гэсэн үг. Эерэг гарвал дараагийн арга хэмжээг авна” гэлээ. Мөн “Аливаа улсад өвчлөлөөс сэргийлэхийн тулд хилээ хаах тохиолдол маш ховор. ДЭМБ-аас олон улсыг хамарсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюултай гэвэл тухайн орон нутгийн хилийг хааж тусгаарлах арга хэмжээ авдаг. Түүнээс бусад тохиолдолд хил гаалийн хяналтыг л сайжруулах зөвлөмж өгдөг. Энэ шинэ халдварт өвчин учраас хүнсний бүтээгдэхүүнээр дамжиж халдварлахыг үгүйсгэхгүй” гэдгийг нэмж хэлсэн юм.
Ийнхүү өчигдөр өглөө шинэ төрлийн вирусийн халдварын сэжигтэй тохиолдол Замын-Үүдэд бүртгэгдсэн бол орой нь Улаанбаатарт дараагийн тохиолдол бүртгэгдлээ. 18.00 цагийн үед Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн зорчигчдын дунд халдварын шинж тэмдэгтэй хүн байсан тул мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авсан байна.
Тухайлбал, галт тэрэгний төв буудалд холбогдох албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 20 гаруй хүнийг тусгаарлан, шаардлагатай үзлэг, халдваргүйжүүлэлт хийгээд цагдаагийн хамгаалалт дор ХӨСҮТ-д хүргэв. Энэ талаар МХЕГ болон холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “Сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн нь үнэн. Зорчигчдод үзлэг хийж, гал тэргэнд бүрэн хэмжээний ариутгал хийсэн. Дээрх иргэдэд давтан үзлэг хийхээр ХӨСҮТ- рүү авч явсан” гэлээ.
Мөн уржигдар Бээжингээс Москва хотын чиглэлд зорчсон олон улсын галт тэргэнд урд хөршийн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг Монголын талд албан ёсоор мэдэгджээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр тухайн өвчтөнтэй хамт зорчиж явсан 10 гаруй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнд хамруулж буй аж.
Өнөөдөр Улсын онцгой комисс, Шадар сайд болон бусад холбогдох албаныхан энэ талаар албан ёсны мэдээлэл өгнө гэв.
Д.ЧАНЦАЛ