Монгол Улсын Замын-Үүд-БНХАУ-ын Эрээн хотын авто замын хилийн боомтыг энэ амралтын өдрүүдээр буюу нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд хаах юм байна.
Хятадын цагаан сарын баяртай холбогдуулж тус боомтын үйл ажиллагааг хааж байгаа аж. Монгол-Хятад хоёр улсын хэлэлцээрийн дагуу авто замын боомтуудыг баярын өдрүүдэд хаадаг. Тус хэлэлцээрт манай улс Үндэсний их баяр наадам, Мартын 8, Сар шинийн баяр, Эх үрсийн баяр, Улс тунхагласны баяраар хилээ хаадаг.
Харин БНХАУ нэгдүгээр сарын 1, сар шинийн 1-3, тавдугаар сарын 1-3, аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд хилээ хаахаар тогтсон. Тэгвэл энэ сарын 25-27-ны өдрүүдэд урд хөршийн сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан ийнхүү Замын-Үүдийн боомтыг БНХАУ-ын талаас хааж байгаа ажээ.