"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас Жаст группын Батхүүгийн Стандарт банкинд тавьсан өр буюу 40 сая долларыг төлсөн. Энэ мөнгийг Батхүүгээс гаргуулж авах асуудал ямар хэмжээнд байна вэ? Эргэж ирэх боломж харагдаж байна уу?
-Миний хувьд уул уурхайн салбарт он удаан жил ажиллаж, олон ч үйлдвэр удирдаж байсан. Янз бүрийн дүр зурагтай, үйлдвэрлэлийн санхүү эдийн засгийн нөхцөл байдалтай үйлдвэрүүдийг удирдах хувь заяа надад тохиосон. Тухайн үйлдвэрийн онцлог, шаардлагад тохирсон менежмент, үйл ажиллагааг явуулж байлаа.
Эрдэнэт үйлдвэрт ирээд, яаж ажиллах вэ, эн түрүүнд ямар асуудлыг шийдэх вэ гэдэгт дүн шинжилгээ хийсэн. Ингээд үзэхэд, ярианы эхэнд хэлсэн хүний болон бараа материалын “шахаа” гэдэг нэр хочноос салах ёстой, цагаан тоосны асуудлыг шийдвэрлэх, нөгөө талаар олон жил дамжсан, ялангуяа олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй өр төлбөр, Стандарт банкны өрийг цэгцлэх гэх зэрэг тулгамдсан асуудлууд байлаа.
Өр авлагын асуудлыг том жижиг гэхгүй жагсаахад авлага нь Балхашмысээс авах 20 сая долларын асуудал байсан. Үүнийг бид 2019 онд бүрэн дуусгаж, 20 сая доллараа дансандаа хийж авсан. Энэ мөнгө 2020 оны бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдана. Мөн бусад өр авлагатай бүх асуудлыг шийдсэн.
Харин Стандарт банкны өрийн асуудал үлдээд байв. Энэ асуудалд бид олон талаас нь судалж шинжилж үзсэн. Ер нь олон улсын шүүх тэр тусмаа арбитрын шийдвэр гарсан тохиолдолд төлөхөөс өөр ямар ч арга байдаггүй. Өөрөөр шийдэх арга байхгүй гэсэн үг. Энэ өрийн хэмжээ үндсэн өр, торгууль, хүү бүгд нийлээд 120 сая долларт хүрсэн байсан. Уг төлбөрийг хийгээгүй тохиолдолд Эрдэнэт үйлдвэрийн гадаад мөнгөн урсгалыг царцаах, үндсэн хөрөнгөнд хандах, үйлдвэрийн удирдлагын үйл ажиллагааг хязгаарлах гэх зэрэг ноцтой нөхцөл үүссэн.
Иймээс тодорхой алхмыг богино хугацаанд хийх шаардлагатай болсон тул боломжит бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэн, дээрх 120 сая долларын өрийг хэлэлцээрийн аргаар 40 сая доллар болгон бууруулж, төлсөн юм. Үүнийг болзошүй өр төлбөрт буюу “Эрсдэлийн сан”-гаас гаргаж, барагдууллаа. Энэ арга хэмжээг бид Засгийн газарт танилцуулж, холбогдох чиглэлийг авсан.
Одоо бид Стандарт банкинд төлсөн 40 сая ам долларыг буруутай этгээдээс буцаан олж авахаар ажиллаж байна. Буруутай этгээдийг хууль хяналт, шүүхийн байгууллагаас тогтоох нь мэдээж. Энэ асуудлыг шийдвэрлэхэд бид өмгөөллийн компани авч ажиллуулж байна. Тэднээс өмгөөллийн чиглэлийн туслалцаа авч, Засгийн газарт байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтарч ажиллаж байгаа. Боломжтой бүх арга хэмжээг авч, үр дүнд хүрэхийн төлөө ажиллаж байна. Олон жил ужгирсан асуудал тул өргөс авсан мэт хурдан шийдэгдэхгүй, хүндрэлтэй байсан ч асуудлын цаана гарахын тулд зорьж байна.
-Жастаас хохирлоо олж авахад ямар алхам хийж байна вэ?
-Одоо Стандарт банк, Эрдэнэт үйлдвэртэй ямар ч асуудалгүй, цэг тавигдсан гэсэн баталгаажуулалт олон улсын бүх хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж байна. Удахгүй бид энэ асуудлыг Засгийн газарт танилцуулна. Харин буруутай этгээдээс хохирлоо буцаан олж авах асуудал шүүхийн шийдвэрээр явна. Эрдэнэт үйлдвэр Стандарт банкнаас зээл аваагүй, Жаст групп Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж өгснөөрөө буруутай болсон. Ингэснээрээ Жаст группийн тус банкинд төлөөгүй мөнгийг олон улсын арбитрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийн нуруунд үүрүүлсэн асуудал.
-Нэхэмжлэгч талын хувьд Жаст төлөх чадвартай үгүй эсэхийг судалж үзсэн үү?
-Эрдэнэт үйлдвэрийг хохироосон хуулийн этгээд нь Жаст групп мөн гэсэн шүүхийн шийдвэр гарвал бидний ажил тодорхой болно. Гэхдээ Жаст группийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийн төлсөн өр төлбөртэй бид хамаагүй гэж үгүйсгээгүй. Төлнө гэсэн хариулт өгч байгаа. Тэдний төлөх мөнгө хөрөнгө байгаа эсэхийг шалгах чиглэлээр хуулийн байгууллага ажиллаж байгаа. Манай Хуулийн хэлтсийнхэн ойрын үед эн тэргүүнд шийдэх ёстой гэсэн чиглэлтэй бас ажиллаж байна.
-Эрсдэлийн сангийн хөрөнгийг үйлдвэр ямар нөхцөл байдалд орсон үед захиран зарцуулах ёстой байдаг вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн цар хэмжээг та бүхэн мэдэж байгаа. Ийм том хэмжээний үйлдвэрийн газарт “юмыг яаж мэдэхэв” гэдэг утгаар Эрсдэлийн сан байх ёстой. Үер ус, салхи шуурга гээд байгалийн давагдашгүй хүчин зүйл, магадгүй манай үйлдвэрт хамааралгүй боловч тодорхой тоног төхөөрөмж, технологийн материал авдаг хамтын ажиллагаатай үйлдвэрт гамшиг болсон үед туслах зэрэгт зориулсан хөрөнгө гэсэн үг.
Ийм нөхцөл байдал гарсан үед болзошгүй өр төлбөр хийх үед зарцуулах юм. Манай үйлдвэрт улмаар төрд хамааралтай гарч болзошгүй эрсдэлээс сэргийлсэн сан гэж ойлгож болно. Ийм утгаар Стандарт банкны төлбөрийн асуудлыг шийдсэн гэж хэлье. 2019 онд шийдвэрлэсэн асуудлуудын үр дүнд Эрдэнэт үйлдвэр дотоод гадаадын аль ч банк санхүүгийн байгууллагад нэг ч төгрөгийн өргүй болсон.
Цаашид ямар ч асуудлаар гадаад дотоодын байгууллагууд хандахад нүүр бардам байх боломжтой болсон гэдгийг онцолмоор байна. Эрдэнэт үйлдвэрийн талаар илэн далангуй ярьж буйгийн учир нь Монголчууд түвшин бүртээ үнэн зөв мэдээлэлтэй байгаасай, Эрдэнэт бол олон түмэнд нээлттэй үйлдвэр.
Нөгөөтэйгүүр, Эрдэнэт үйлдвэрийн талаар эмх цэгцтэй, нэг ойлголттой байгаасай. Эрдэнэт үйлдвэрийн өчигдөр, өнөөдөр, маргаашаар нэгдсэн байр суурьтай байгаасай. Ингэж чадвал манай уурхайчид улам урам зоригтой хөдөлмөрлөж, улс орныхоо хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр арвин байх болно. Нийгмийн хариуцлагатай, нээлттэй Эрдэнэт байлгахын тулд бид бүгдээрээ хамтран ажиллах ёстой юм.