Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр УИХ-аас тогтоол баталсан. Энэ дагуу Засгийн газраас комисс байгуулагдаж ажиллаж байна. Уг комиссын анхны хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Мөн "Жаст"-ын Ш.Батхүүгийн асуудлаар тайлбар өгснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Комиссын анхны хурал өчигдөр болсон. Саналуудаа нэгтгэж бэлтгэхээр дэд ажлын хэсгүүдийг байгууллаа. Энэ бол хугацаа нэлээд орохоор ажил. Тиймээс алийг нь нэн тэргүүнд авч үзэх үү гэдгээ ярилцсан.
Нэн тэргүүнд урд хөршөөс эрчим хүч авч байгааг яаж дотоодын эргэлтэд оруулах уу гэдэг асуудалд тавих санал бэлтгэгдэж байна. Татварын маргааны асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу яаж шийдэх вэ гэдэг дээр ажиллаж байна. Шаардлагатай бол Арбитрын шүүхэд хандах нөхцөл байдал руу явж болзошгүй. Дубайн гэрээ буюу далд уурхайн гэрээтэй холбоотой асуудал шүүх дээр явж байгаа. Өчигдрийн уулзалтаар энэ асуудлыг дүгнэж ярилцсан.
Мөн, энэ гэрээг цаашид хэрхэн сайжруулж, хууль тогтоомжид нийцүүлэх вэ гэдэг дээр тусгай ажлын хэсэг байгуулагдсан. Рио Тинто бол үндсэндээ нэг том хувьцаа эзэмшигч. Үүнээс гадна Туркойз Хилл болон бусад компаниуд байгаа. Монголын Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигч бүх компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байгаа дээрээ байр сууриа нэгтгэсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт цаашаа явах ёстой.
Ногдол ашиг авах асуудал хойшилсон. Удирдлагын зардалд олон улсын аудит оруулах саналтай байгаагаа ярьсан. Олон улсын аудит оруулаад, удирдлагын зардлыг бууруулсан тохиолдолд тэрхүү хэмнэлтийг нийгэмд нөлөө үзүүлэхүйц төсөлд зарцуулна гэдэг нөхцлийг тавихаар бэлдэж байна. Энэ тохиолдолд нийгмийн хариуцлагын сан байгуулж, Монгол Улсын Засгийн газарт болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг шууд шийдэх ёстой гэдэг байдлаар яригдсан. Бид тийм төслүүдийнхээ жагсаалтыг гаргаж өгнө.
Үндсэн гэрээтэй холбоотой асуудал дээр дундын олон улсын Аудитын байгууллага ажиллах ёстой. Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийн шаардлагыг өндөрсгөнө. Тэдэнтэй нууцын болон ашиг сонирхлын хатуу гэрээ хийнэ. Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан шийдвэрт аудит хийж үзсэн. Хууль тогтоомж зөрчигдсөн зүйлүүд байгаа. Бид байр сууриа нэгтгээд Рио Тинтотой зөвшилцийн ширээний ард сууна.
Монгол Улсын Засгийн газар ямар санал тавих нь бидний асуудал. Бид хувьцаа эзэмшигч. Би ажлын хэсэг байгуулагдахаас өмнө нэг удаа уулзсан. Ингэхдээ хэд хэдэн зарчмын санал тавьсан. Засгийн газраас өөр улстөрчидтэй ямар нэгэн байдлаар холбогдохгүй байх саналыг тавьсан.
Харин Рио Тинтогийн зүгээс олон улсын түвшинд ил далд ямар нэгэн хэлбэрээр сурталчилгаа хийхгүй байх гэдэг саналыг тавьсан. Хэрэв ингэсэн тохиолдолд итгэлцэл алдах болно шүү гэдгийг хэлсэн.
Энэ асуудлыг нэг хоёрхон сарын хугацаанд шийдэх боломжгүй. Олон улсын аудитын байгууллага ажиллуулж байж үүнийг шийднэ. Нэг төвөгтэй зүйл байгаа нь маргаан үүсэх бүрт Арбитр дээр очих гэрээ байгуулчихсан. Тэрнийг та бүхэн мэдэж байгаа.
Шулуухан хэлэхэд өмнө нь ордонд орж ирээд уулзалт хийдэг, орж ирэх болгондоо төрийн гурван өндөрлөгтэй уулздаг байсан нь нууц биш. Үүнээс болж л Засгийн газрын тогтоолоор шийдэх асуудлыг шахалтад орж захирамжаар хийснээс болж алдаа гарсан тохиолдол байгаа. Санхүүгийн тооцоолол дээр дутуу хандсан зүйл байгаа. Бид хүлээцтэй, мэргэжилийн түвшинд ажиллах зайлшгүй шаардлагатай. Энэ асуудал яригдаж байгаа. Одоогоор манай талаас гуравхан ТУЗ-ийн гишүүн байгаа. Тэр хүмүүс хамгийн наад зах нь санхүүгийн, хуулийн, уул уурхайн мэргэжлийн хүн байх ёстой юм. Юуны өмнө бид ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөнө. Одоогийн гишүүд нь шалгуурт тэнцвэл үлдэнэ.
"Жаст"-ын Г.Батхүүтэй холбоотой хэргийн хувьд Ерөнхий прокурор ажлаа хийж чадахгүй 30 хоног болсон. Орлогч прокурор М.Чинбаттай би уулзсан. Эрүүгийн асуудал шийдэгдээд явж байх хугацаанд хөрөнгийг битүүмжлэх асуудлыг тавих ёстой гэдэг зүйл яригдаж байгаа юм байна лээ. Төрд хохирол учруулсан тохиолдол ямар арга хэмжээг авдаг талаар олон улсын кайсыг гаргасан хамтрсан нээлттэй хурлыг цагаан сараас өмнө прокурор, шүүх, засгийн газар хийхээр төлөвлөж байна.