СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-24

Эрдэнэт үйлдвэр 13 дахь сарын цалингийн урьдчилгаа болгож 15 тэрбум төгрөгийг ажилчдадаа олгожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтай манай сэтгүүлч С.Шүрэнчимэг, зураглаач Ж.Отгонсүлд нар дараах ярилцлагыг хийлээ

Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр хэвлэл мэдээлэлд ч нээлттэй, олон нийтэд ч нээлттэй үйлдвэр. Тиймээс сар тутамд эсвэл улирал бүрт хэвлэл мэдээллийнхэнд үйлдвэрийнхээ үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээлэл өгч байх тухай бид ярилцаж байна. Энэ нь бүх талаар нээлттэй байхыг зорьж ажиллаж байна гэсэн үг. Тиймээс нууж хаах зүйл огт байхгүй, бүх асуудлыг илэн далангүй ярьж, мэдээлэл өгөхөд бэлэн байна" гэсэн юм.

-Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд улсын төсөвт 1 их наяд төгрөгийн орлого оруулсан гэж хэллээ. Ашиг орлого ихтэй ажилласан жилийнхээ үр дүнгийн буюу нэрлэж заншсанаар 13 дахь сарын цалинг яаж олгохоор ярилцаж байна вэ?

-Тухайн жилийн үр дүнгээр тооцож олгодог нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг 13 дахь  сарын цалин гэж нэрлээд байгаа. Үйлдвэрийн газрын хувьд ҮЭ-ийн байгууллагатайгаа байгуулан хэрэгжүүлдэг “Хамтын гэрээ”-ний хүрээнд олгодог.

Эрдэнэт үйлдвэрийн захиргаа жил бүр буюу зарим тохиолдолд 2 жил тутамд ҮЭХ-той “Хамтын гэрээ” байгуулан ажиллаж байна. Энэ жил бид 2020-2021 онд хэрэгжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээнд нэг сарын дундаж цалинтай тэнцэх мөнгийг 13 дахь сарын цалин болгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, ҮЭ-ийн байгууллагатай гэрээнд гарын үсэг зурж, хуульчилсан гэсэн үг.

Гэхдээ 13 дахь сарын цалин бол үйлдвэрийн үр ашиг, үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч байх ёстой. Хамт олон сайн ажиллаж байвал, цалин урамшуулал сайн байна.

Бид 2019 онд онцлогтой ажиллаж, түүхэн дээд амжилт гаргасан. Тиймээс ч бид оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр урамшуулал олгосон. Үүнийг 13 дахь сарын цалингийн урьдчилгаа гэж ойлгож болно.  

Мөн 11 сард бид дахин бүх ажилтнууддаа урамшуулал хүртээсэн. Энэ нь оны эхний 9 сарын ажлын үр дүнгээр тооцож олгосон 13 дахь сарын цалингийн үргэлжлэл. Бас арвилан хэмнэлтийн бодлогын үр дүнд гарсан хэмнэлтээс урамшуулал олгоод байна.

Шинэ оны өмнөхөн бас санхүү, эдийн засгийн бодлогын үр дүнгээс ажилтнууддаа ажлын онцлогоос нь хамааран бага зэргийн зөрүүтэйгээр дээд тал нь 800 мянган төгрөгөөр, ахмадуудаа тус бүр 200 мянган төгрөгөөр урамшуулсан.

Ингэснээр  бид 2019 оныхоо ажлын үр дүнг урьдчилж дүгнээд, нийт 15 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байгаа. Өмнөх жилүүдэд олгож байсан 13 дахь сарын цалингийн хэмжээг дүгнэж үзэхэд, үүнд арваад жилийн өмнө жилдээ 4-5 тэрбумыг зарцуулдаг байсан бол хамгийн их хэмжээтэй буюу 13.5 тэрбум төгрөгийн нэмэлт  цалинг 2018 онд олгож байсан юм билээ.

Өнөөдөр 13 дахь сарын цалин олгох, эс олгох асуудлыг ярьж байгаа. Харин манай үйлдвэрийн хувьд урьдчилаад 15 тэрбум төгрөгийн урамшуулал олгосныг тодруулж хэлэх учиртай.

Удахгүй бид 2019 оны үйлдвэрийнхээ тайлан балансыг нэгтгэж хэлэлцэнэ. Үүний дараа тайлан балансын үр дүнгээс тооцож бүх ажилтнууддаа 13 дахь сарын цалинг олгоно. Нөгөө талаар, 2019 онд уурхайчдынхаа цалинг 20 хувиар нэмсэн. Энэ бүгдээс харахад, урьд жилүүдэд авч байснаас илүү хэмжээний урамшууллыг 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээр авах нь ойлгомжтой байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.