Грек улсын төрийн зөвлөлийн Ерөнхийлөгчөөр жил гурван сарын турш ажилласан 63 настай Катерина Сакелларопулу лхагва гарагт тус улсын төрийн тэргүүнээр сонгогдлоо. Ингэснээр Грек улсын түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдож байна.
Сакелларопулуг лхагва гарагт Парламентад явуулсан санал хураалтаар дэмжсэн ба улсын дээд шатны шүүх, хүний эрхийн зөвлөл баталжээ. Эрх баригч консерватив Шинэ Ардчилал намаас түүнийг нэр дэвшүүлсэн байна. 300 суудалтай Парламентын танхимын 261 гишүүн түүнд санал өгчээ. Үндсэн хуулиар Парламентын 200 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчөөр томилох ёстой.
Парламентад явуулсан санал хураалтын дараа Ерөнхий сайд Кириакос Мицотакис анх удаа эмэгтэй төрийн тэргүүнийг сонгосон нь ирээдүйн хаалга үүдийг нээсэн амжилттай алхам боллоо хэмээн үнэлсэн байна. Энэ бол шинэ арваныг илүү өөдрөгөөр эхлүүлж буй явдал гэжээ.
Арав гаруй жил эдийн засаг, улс төрийн хямралтай тэмцэлдэж буй Грек улс нийгмийн өөрчлөлтийг дээд албан тушаалтнаас эхлүүлж, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж байгаа тухай Ерөнхий сайд нэмж мэдэгдсэн байна. Грек улс Европын бусад улс орнуудтай харьцуулахад эрх барих түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь бага байдаг. Энэ нь Засгийн газрыг шүүмжлэх бас нэг шалтгаан болдог.
Одоогийн төрийн тэргүүн 69 настай хуульч, академич Прокопис Павлопулосыг залгамжлах анхны эмэгтэй Ерөнхийлөгч таван жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэнэ.
Эх сурвалж: CNN