Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн чуулганаар хийж байна
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулж, хуулийн төслийг дагалдах хуулийн төслүүдийн хамт баталж өгөхийг хүсэв.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Тавдугаар сарын 15-наас Үндсэн хууль мөрдөгдөж эхэлнэ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар статус өөр болно. Одоо тосгон нэртэй байгаа, одоо суман дээр баг болж орж ирнэ. Арван сард ямар байдлаар орж ирэх вэ? Хоёрдугаарт, орон нутгийн улс төржилтийг яаж тооцож байна вэ? Би хуучин хуулиас ялгагдахааргүй болж гэж харж байна. Гуравдугаарт, нэр дэвшигчийг Сонгуулийн хууль зөрчсөн гээд бүртгэдэггүй. Сонгуулийн дараа бүртгэх нь зөв байна гэсэн шийдвэр гардаг. Эндээс эцэс төгсгөлгүй маргаан гарч байна. Үүнд хэн буруутай нь мэдэгддэггүй. Маргаан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтаа хэр нарийвчлан оруулсан бэ? Нэр дэвшигчийн хувьд тодорхой шалгууруудыг өндөрсгөх үү?
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар: Орон нутгийн сонгууль угтаа улс төрийн сонгууль биш, нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллөө сонгож байгаа. 25-аас дээш насны байх гэсэн санал оруулж ирсэн. Нэр дэвшихээр хүсэлт гаргаж буй хүн найман шалгуур хангасан байна. Сонгуулийн үр дагавар дараа нь гардаг. Нэр дэвшигч хохирдогийг болиулах зорилготой.
Бусдыг гүтгэсэн, хууль бус сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхгүй. Улс төржилтийг яаж багасгах вэ, өмнөх хуулиасаа илүү гараагүй юу гэлээ. Баянзүрх дүүрэг сүүлийн дөрвөн жил засаг даргагүй бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжгүй байна.
Сонгуулийн хугацаа 15 хоногт явагдана. Энэ удаагийн сонгуулийн хуульд сонгуулийг эрт явуулъя гэсэн зарчимтай. Бид ялгаагаа сайн ойлгох ёстой. Бид засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх сонгуулийн тухай ярьж байна. Хот, тосгод аль аль чиг үүргийг хэрэгжүүлж явах гэсэн хоёр тусдаа зүйл байгаа.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Тосгоныхоо статусыг яаж хараад байгаа юм бэ? Хамтын удирдлагын шинжтэй явах юм уу?
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Зарим чиг үүрэг нь хот тосгон руу орж болохгүй. Нэг сумыг бид нэг сумын төвөөр төсөөлөөд байгаа. Сум бол хот тосгоны чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлд явна.
УИХ-ын гишүүн М.Энхболд: Энэ хууль бол нэлээн хариуцлагатай хууль, төдийлөн анхаарал тавихгүйгээс болоод маргаан гарах явдал гардаг. Ажлын дэд хэсэгт орон нутагт ажиллаж буй хүмүүсийг оруулах санал олон удаа тавьсан. Ядаж нэг Иргэдийн хурлын даргыг оруулаад, тулгарч буй асуудлыг нь шийдэхийг авч үзэх боломж байсангүй юү. Орон нутгийн ИТХ-д сум, аймаг, дүүрэг нийслэлд дахин нэр дэвшиж болдоггүй болгож зохицуулж болоогүй юм уу? Улстөржилтийг багасгахын тулд төрийн байгууллагаас шууд нэр дэвшүүлж болдоггүй юм уу? Үндсэн хуулийн асуудлыг ярьж байхад Дархан, Эрдэнэтийг ярьж байсан. Улсын зэрэглэлтэй хот байгуулах тухай яригдаад ирэхэд өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох асуудлыг хамтад нь шийдэж болохгүй юм уу.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Төслийн 33.1.6 дээр дүүргийн болон сумын иргэдийн хуралд давхар нэр дэвшихийг хориглосон. Нэгээс илүү тойрогт давхар нэр дэвшсэн бол татгалзах үндэслэл болно гэж төсөл дээр суусан байгаа. Нэг гэр бүл, эсвэл гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд олонхийг бүрдүүлэх боломжтой учраас намууд бие даагчдаа нэр дэвшүүлэх эрхтэйг зааж өгсөн. Анхны хэлэлцүүлэг дээр 33.1.6-г унагаачихвал хүссэн нэр дэвшигч гарч ирэх боломж хэвээр үлдэнэ. Дараагийн сонгуульд оролцоод, улс төрийн хариуцлагаа хүлээдэг болох асуудлыг би ярьж байна. Янз бүрийн төрийн бус байгууллага, хамаатан саднаараа нийлээд гажуудсан ардчилал бий болно.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Сум, баг хороон дээр сонгууль болоход туйлгүй зөрчил үүсдэг. Гэрээ улаан, цэнхэрээр бүрэх тохиолдол ч үүсч мэдэхээр байна. Худаг дээр нөгөө намынханд үйлчлэхгүй гэж байна. Сайтар зохицуулахгүй бол маш том хагацал, талцлыг цааш үргэлжлүүлэх байдал харагдаж байна. "Манай сумын дарга" зохиолыг Их хурлын дарга бүгдэд нь уншиж өгмөөр байна. Черчелийн үг гэж байхаар малчин Чимидийн үгийг сонсооч ээ. Өргөн олны 80 хувь нь нам сонгохгүй гэсэн байна. Түмэн олонтойгоо энэ асуудлыг зөвшилцөөд явбал маш зөв шийдвэр гарах гээд байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Орон нутгийн сонгуулийн тухай хууль хугацаатай, бид батлах ёстой. Бид тойрог дээрээ очиж ард иргэдтэйгээ уулзан, аймаг, сум, нийтийн хуралд яаж санал өгөх вэ гэдэг дээр санал авсан. 350-аад санал ирсэн. Улс төрийн нам, эвслүүдтэй хоёр ч удаа хэлэлцүүлэг хийсэн. Хөдөөгийн, баг, сумын иргэдийн хурлын сонгууль дээр аль болох талцалд цэг тавья гэдэг дээр бид анхаарч ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Туршлагагүй залуусыг олноор нь нэр дэвшүүлж болж байна уу?
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Бүх сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгаж байгаа. Их хурлын сурталчилгаа 22 хоног, орон нутгийнх 15 хоног гэж богиносгосон. Нутгийн өөрөө удирдах ёсны удирдлагад нэр дэвшигчид насны хязгаар тавиагүй. Бид хандлагаа өөрчилмөөр байгаа юм. Энэ бол улс төрийн сонгууль биш.
Төслийн 33.1.6 дээр дүүргийн Иргэдийн хурал, сумын иргэдийн хуралд давхар нэр дэвшихийг хориглосон. Нэгээс илүү толйрогт давхар нэр дэвшсэн бол татгалзах үндэслэл болно гэж төсөл дээр суусан байгаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Бид энэ хуулийг яаран дааран батлах гээд байгаа. Хугацааг багасгаснаас өөр өөрчлөлт гараагүй байна гэж харж байна. Улс төрийн сонгууль биш гэж ярьдаг ч хамгийн их улс төрждөг сонгууль. Сум, аймгийн иргэдийн хуралд хоёуланд нь сонгогдох бололцоогүй болгох зарчмын зөрүүтэй саналыг дэмжээд өгөөрэй. Сумын нэгж бол баг гэдэг зарчмын зөрүүтэй санал ороод унасан. Х.Нямбаатар гишүүн ярихдаа амны алдаа гаргасан нь үнэн шүү. Зүүнхараагийн хулгайчууд гэж хэлж, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр гаргасан араншиндаа та уучлалт гуйх ёстой шүү.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Төрийн албан хаагч нэр дэвшихэд ямар нэгэн шалгуур байна уу? Шилжилт хөдөлгөөнийг яаж зохицуулсан бэ?
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар: Төсөл таван сарын 1 гэж орж ирсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр 10 сард сонгуульд оролцох гэж байгаа хүн бүхэл бүтэн 6 сарын хугацааны өмнө ажлаа өгнө гэдэг байж болохгүй гэж үзсэн, дэмжигдсэнгүй.
Төрийн бүх албан хаагчийг ажлаа өгөхөөр зохицуулсан төсөл явж байна. Шилжилт хөдөлгөөнийг зогсоохгүй бол царцаа гэдэг хэдэн мянган хүнийг зөөдөг байдал үргэлжилнэ. Санал хураахаас 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгууль дуусмагц хэвийн болгохоор төсөлд тусгасан. Камер харахаараа бүгд орон нутгийн сонгуулийг улстөржилтгүй явуулъя гэж ярьж байгаа ч бүгд цаанаа өөр зүйл бодож байгаа.
Зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт үргэлжилж байна.