Дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ Амазоны босс, тэрбумтан Жефф Безос 2018 онд WhatsApp-аар Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманаас зурвас хүлээж авсны дараа гар утсаа хакердуулсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Хоёр жилийн өмнө Безосын гар утсанд Мохаммед бин Салманы ашигладаг дугаараас үл танигдах шифр, вирус бүхий файл зурвасаар ирсэн гэж дижитал орчны мөрдөгчид үзсэн байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн өгсөн мэдээллээр Саудын ханхүүгээс учир битүүлэг зурвас ирэх үед тэд хоорондоо WhatsApp цахим сүлжээнд нөхөрсөг харилцаатай мэт харагддаг байсан гэжээ.
Хамгийн гол нь ханхүүгээс шифрлэсэн зурвас ирснээс хойш хэдхэн цагийн дотор Безосын гар утсанд хадгалагдаж байсан их хэмжээний мэдээлэл алдагдсан байна.
Ирээдүйн хаан Салман улс орныхоо эдийн засгийг тэлж, хөгжүүлэх зорилготой тул дэлхийн хамгийн баян эрхмийн талаар мэдээлэл хэрэг болсон байх гэсэн таамгийг дэвшүүлжээ. Безосын гар утас хакердуулснаас хойш таван сарын дараа Вашингтон Пост сонинд нийтлэл хэвлүүлдэг байсан сэтгүүлч Жамал Кашогги амиа алдсан бөгөөд удалгүй Амазоны босс гэр бүлээс гадуур харилцаатай болсон талаар хувийн мэдээллүүд нь цацагдсан юм.
Харин энэ асуудалд Саудын Араб болон Безосын мэдээллийг тараасан Америкийн медиа корпораци холбоо хамааралгүй гэдгээ батлан мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian