Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино (УБОУК) наадмыг энэ сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй.
Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто Олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулах юм.
Энэ оны Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын нэг онцлог нь Монголын болон Олон Улсын уран сайхны удирдагчтай болсон явдал юм
Улаанбаатар Олон Улсын Кино Наадамд “Нээлтийн кино уралдаан”, “Монгол кино уралдаан”-ыг зарласан бөгөөд Монголын болон олон улсын кино мэргэжилтнээс бүрдсэн таван шүүгч ажиллан шалгаруулсан юм. Нээлтийн киногоор найруулагч Л.Бат-Амгалангийн “Од ба Гэгээ” УСК шалгарч нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон бол богино хэмжээний кино төрөлд найруулагч Л.Дашдооровын “Хөхөө”, Хүүхэлдэйн киноны төрөлд найруулагч Б.Тэнгисийн “Чингис Хаан”, Уран сайхны кино төрөлд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Амьдрал” УСК тус тус шалгаран маргааш олны хүртээл болох нь. Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба “Оросын кино үзвэр”-ийн хүрээнд ОХУ-ын найруулагч Кирилл Серебренниковийн Каннын ОУКН-ын шилдэг саундтрак шагналт "Зун", найруулагч Сергей Мокрицкийн "Ноорог", Иван И.Твердовский "Үсрэгч" киног өчигдөр толилууллаа. Тус наадмын олон улсын хөтөлбөрийг Францын ЭСЯ, Монгол Францын Төв, Австралийн ЭСЯ, Гёте-Институт дэмжиж, хамтран зохион байгуулсан бөгөөд Канн, Берлин, Венец, Торонто зэрэг Олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Аргентин, Исланд, Колумб, ХБНГУ, Чили, ОХУ, Франц, Япон зэрэг орны 12 кино бүтээлийг Олон улсын кино үзвэрийн хүрээнд энэ сарын 25-28-нд олны хүртээл болгоно.
Мөн Монголын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар кино форум”-ыг маргааш “Анкор” төв дээр зохион байгуулах аж. Наадмын сургалтын хүрээнд Швейцарийн дууны инженер Бальтазар Юкер, АНУ-ын өмгөөлөгч оюуны өмчийн хуульч, Колумбын Их Сургуулийн Зохиогчийн эрхийн зөвлөх хэлтсийн захирал Кеннет Круз, Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон уригдан оролцож, сургалт зохион байгуулна. Энэ оны Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын нэг онцлог нь Монголын болон Олон Улсын уран сайхны удирдагчтай болсон явдал юм. Наадмын Монгол уран сайхны удирдагчаар кино найруулагч, зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, Олон улсын уран сайхны удирдагчаар Каннын ОУКН-ын “Найруулагчдын хоёр долоо хоног” хөтөлбөрийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Дэлсэт сонгогдон ажиллаж буй.