Их Британийн ханхүү Харригийн гэр бүл хэвлэлийнхний дарамт, шахалтаас зайлсхийж хатан хааны гэр бүлээс тусдаа амьдрах шийдвэр гаргасан билээ. Харри хатан хаан Элизабеттэй уулзаж үүрэг хариуцлага, цаг хугацаагаа хэрхэн хуваарилах талаар ярилцсаны дараа Канадыг зорьж эхнэр, хүүхэд дээрээ очоод удаагүй.
Гэвч хэдхэн цагийн дараа Сассексын гүн Харри болон гүнгийн авхай Меган Мэркл нар дахин хэвлэлийнхэнтэй дайтаж, тэдний эсрэг шинээр хэрэг үүсгэн заргалдахаа мэдэгдлээ. Учир нь папарациуд Харри, Меган Арчи гурвыг хоёр бие хамгаалагч, нохдын хамт цэцэрлэгт хүрээлэнд алхаж байгаа зургийг бутны араас нуугдан авч нийтэлжээ. Сонин хэвлэл, цахим хуудсуудад нийлэгдсэн уг зургийг авахдаа Меганаас зөвшөөрөл аваагүй тул өмгөөлөгчдөөрөө дамжуулан папарациудын эсрэг хуулийн байгууллагад хандахаар болсон гэдгээ мэдэгджээ.
Харри цаашид хэвлэлийнхнээс ангид төдийгүй олон нийтийн сангийн мөнгийг дахин хэрэглэхгүй, шилтгээнээ тохижуулахад ашигласан 2,4 сая фунтыг буцааж төлөхөө мэдэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: The BBC, The Guardian