БНХАУ-д тархаад буй нууцлаг коронавирусын халдвараар нас барсан дөрөв дэх хүнийг бүртгэлээ. Уушгины хатгалгаа үүсгэгч тус вирус нь хүнээс хүнд халдаж байгааг баталсан тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар шуурхай хуралдаан зарласан.
Ухань хотын төвд амьдардаг 89 настай эрэгтэй энэ төрлийн титэм вирусээр амиа алдсан дөрөв дэх хохирогч болсон байна. Одоогоор Хятадын Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад нийт 200 гаруй хүн халдварлаад байгаа юм. Үндэсний эрүүл мэндийн хорооноос нас барсан хоёр тохиолдол хүнээс хүнд халдварласан болохыг тогтоожээ.
Мөн Ухань хотын эрүүл мэндийн газраас эмнэлгийн 15 ажилтан уг вирусээр халдварласан ба тэдний нэгийнх нь биеийн байдал хүнд байгааг мэдээлсэн байна. Халдвар авсан ажилтнуудыг тусгаарлаж эмчилж байгаа гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хятадын нутаг дэвсгэрт 218 хүн халдвар авсан тухай батлан мэдээлсэн байна. Мөн Тайланд улсад хоёр тохиолдол илэрсэн бол Японд нэг, Өмнөд Солонгос нэг тохиолдол бүртгэгдээд байгаа. Үүний дараа Сингапур, Хонконг, Японы нийслэл Токио хотын нисэх буудлууд Уханиас ирж буй иргэдийг нарийвчлан шалгаж эхэлсэн байна.
Мөн Америкийн Сан Франциско, Лос Анжелес, Нью-Йоркийн нисэх буудлууд ижил арга хэмжээ авч эхэлжээ. Хятадын жуулчид хамгийн ихээр зорчдог Австрали улсад ч мөн Уханиас ирж буй зорчигчдыг дэлгэцээр шалган нягталж хилээр нэвтрүүлэх тухай мэдэгдсэн байна.
Хятадын цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хэдэн зуун сая хүн хөл хөдөлгөөнд орж, зорчигч тээврийн салбарт хүнд ачаалал ирэх тул вирусын тархалт хурдацтайгаар нэмэгдэж болзошгүй гэдгийг эрх баригчид анхааруулж байгаа юм. Албан ёсоор илрээгүй ч халдвар тээгч олон хүн байгаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Салбарын шинжээчид 1,300-1,700 тохиолдол бүртгэгдээгүй байгаа гэж тооцсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ан амьтадтай хамгаалалтгүй ойроос харьцахаас татгалзах, мах, өндгийг бүрэн боловсруулах, ханиад томууны шинж илэрсэн хүнтэй ойртохгүй байхыг сэрэмжлүүлжээ. Вирусээр халдварласан тохиолдолд ханиалгах, халуурах, амьсгал давхцах, цээжээр хөндүүрлэх зэрэг уушгины хатгалгааны шинж тэмдэг илрэхийг анхааруулсан байна.
Эх сурвалж: The BBC