Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын чанар нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна хэмээн airvisual.com сайт мэдээллээ. Улаанбаатарын агаарын 1 м/куб-т агуулагдах PM2.5 тоосонцорын хэмжээ 123.2 хүрсэн нь хамгийн бохир агаартай хотуудын нэгээр нэрлэгдэхэд хүргэсэн байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын нэгдүгээрт Энэтхэгийн Дели хот, хоёрдугаарт Непалын Катманду хот, гуравдугаарт Афганистаны Кабул хот жагсаж байна.
Монгол Улсын Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулах, түлэхийг хориглосноос хойш агаарын чанар мэдэгдэхүйц сайжраад байгаа. Гэвч гэр хорооллын айл өрхүүдийн дийлэнх нь сайжруулсан түлш болон бусад шатах материалыг түлж байгаагаас үүдэлтэйгээр Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй хотуудын жагсаалтад байсаар байна.