УИХ-ын гишүүн асан, ялтан Д.Гантулгын хүчингийн хэргийн ул мөрийг баллахад оролцож, худал дүгнэлт гаргасан ШШҮХ-ийн шинжээч Х.Түвшин-Эрдэнэ, Ж.Оюунаа, М.Золжаргал нар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр ял шийтгэл оноожээ.
Тус шүүхээс ШШҮХ-ийн хэлтсийн дарга Халтарын Түвшин-Эрдэнэд нэг жилийн хорих ял оноож, ахлах шинжээч эмч Жаргалсайханы Оюунаад 19.2 сая төгрөгийн, бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн ахмад Мөнхжаргалын Золжаргалд 19.2 сая төгрөгийн торгох ял оноожээ.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэргийн ул мөрийг баллахад оролцсон дээрх шинжээчид нь хохирогч Х.Наранзаяагаас авсан үтрээний ардас, дотуур хувцас, хүчингийн хэргээ үйлдсэн ор хөнжлийн даавууг угаасан болохыг ШШҮХ-ийн шинжээч О.Даваасүрэн олон нийтэд илчилж байв.
Түүгээр ч зогсохгүй О.Даваасүрэнгийн шинжилгээний дүгнэлтийг баллаж, эд мөрийн баримтаар авагдсан эд зүйлсээс эр бэлгийн эс олдоогүй болгон өөрчилсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна.
Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж ШШҮХ-ийн шинжилгээг зориудаар худал гаргасан Х.Түвшин-Эрдэнэ нь ШШҮХ-ийн хэлтсийн даргаар 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр (УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа) томилогдож байсан бол ахлах шинжээч Ж.Оюунаа нь 2016 оны аравдугаар сарын 26-ны өдөр томилогдож байжээ.
Харин шинжээч эмч М.Золжаргал нь ШШҮХ-д 2012 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс хойш бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан хүн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/505 дугаар тушаалаар цагдаагийн ахмад цолоор шагнуулж байсан хүн юм.
Өргөсөн тангарагаасаа няцаж, төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчлэн хуурамч дүгнэлт гаргасан дээрх албан тушаалтнууд 1,303,000-1,729,500 төгрөгийн цалин хангамж авдаг байжээ.