СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ярилцлага | 2020-01-21

Д.Ганга: Би их дотогшоогоо, бүрэг ичимхий, супер нэрэлхүү хүн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“COMEDY LAB”-ын комедиан Д.Гангатай ярилцлаа.

-Таныг хүмүүс комедиан гэдгээр нь мэднэ шүү дээ. Хэзээнээс комеди хийж эхэлсэн бэ?

-Би стэнд ап комеди хийгээд таван жил орчим болж байна. Анх өөрийгөө өөрчлөх гэж комеди хийж эхэлсэн. Би их дотогшоо, бүрэг ичимхий, супер нэрэлхүү хүн. Тиймээс өөрийгөө задалж, шинэ зүйлд сорих зорилготойгоор комеди урлаг руу орж байлаа. Орсон ч гэж дээ, комедиан Б.Идэр-Од надад санал болгосноор анх тайзан дээр гарсан.

-Хошигнолуудынхаа санааг хэрхэн олдог вэ?

-Хошигнолын санаа хаа сайгүй байдаг. Харилцаан дундаас, хүмүүсийн элдэв үйл хөдлөл, зан араншин, нийгэм, эдийн засаг, улс төр гээд сэдэв мундахгүй. Өөрөө ч нэг мэдэхэд хүмүүсийн ярианы сэдэв болчихсон явж байдаг шүү (инээв). Гэхдээ хэчнээн олон сэдэв байсан ч хүнд яаж инээдтэйгээр хүргэх вэ гэдгээ бодохгүй бол болохгүй. Үгэнд үг дайж хүн инээлгэнэ гэдэг хэцүү шүү дээ.

-Үзэгчид инээнэ дээ гэж бодсон хошигнолд хүмүүс инээхгүй байх үе байдаг уу. Инээгээгүй тохиолдолд та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Байлгүй яахав. Энэ чинь бидний хамгийн том сорилт болдог. Анх гүрийгээд, улаан нүүрлээд л яриад байдаг байлаа. Одоо бол сэдвээ солих, анхаарлыг нь өөр тийш хандуулангаа дараагийн сэдвийг олох зэрэг жижиг “мэх”-нүүдтэй болсон. Тэгтлээ их сандрахаа больсон гэсэн үг. Инээх гэж ирсэн хүмүүсийг хөгжөөгөөд л буцаана даа. Тайзан дээр олон гараад ирэхээр сэтгэлийн хаттай болдог юм байна. Элдэв нөхцөл байдалд гялс толгойгоо ажиллуулахад их амар болсон. Шийдвэр гаргалт ч гэсэн хурдан болсон шүү.

-2019 оны сүүлчээр “Намайг сонгооч” нэвтрүүлэгт орсноос тань хойш хүмүүс таныг бүр ч илүү мэдэх болсон?

-Тэгсэн шүү. “Ардын дайсан”, “умс кита”, “төмс” гэх мэт олон нэртэй болсон. Хүмүүс ч хөгжилтэйгөөр хүлээж авсан нь харагдсан. Энд тэнд явж байхад төмстэй зургаа даруулъя гэх хүн олон байна. Оны сүүлчээр “Намайг сонгооч” нэвтрүүлэг, маргааш нь “Ардын буйдан” нэвтрүүлгээр гараад, бүр сэвэгдсэн дээ (инээв). Арваннэгдүгээр сарын дундуур “Монгол” телевизээс “Намайг сонгооч” нэвтрүүлэгт орох уу” гэсэн санал тавихад нь надад татгалзах шалтгаан байгаагүй тул орохоор болсон юм. Нэвтрүүлэгт орон ортлоо ямар бүсгүй байгааг нь мэдээгүй. Зураг авалт эхэлсний дараа хувцас сонгох бүсгүй маань Маралаа гэдгийг мэдсэн.

Өмнө нь тааралдаж байсан, бие биенээ мэддэг байсан болохоор нэг их сандраагүй. Харин хувцас сонгоно гэдэг эрэгтэй хүний хувьд хамгийн хэцүү ажил байна билээ. За тэгээд, 70 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг шиг би яаж яваад ч юм түрүүлээд, Маралаатай болзох болсон. Нэвтрүүлгийн багийнхан бид хоёрыг романтик байх, бие биендээ “Тийм” гэсэн хариу өгөх шаардлага байгааг дуулгасан. Гэхдээ . Мэдээж сөргөөр хүлээж аваад, цахим орчинд элдэв хараалаар булж байсан хүн ч олон харагдсан л даа.

-Таныг янз бүрээр хочилж, шүүмжилж байсан. Түүнийг хэрхэн хүлээж авав?

-Түүнд нэг их юм бодоогүй ээ. Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь тэр хүний л эрх. Яаж хүлээж авах нь ч тухайн хүний сонголт шүү дээ. Намайг элдвээр хэллээ гээд би тийм болохгүй учраас тоохгүй орхичихдог. Муу PR, сайн PR гэж байдаггүй шүү дээ. Намайг муулж элдвээр хэлж байх зуураа ч намайг үнэгүй сурталчилж өгч буй болохоор харин ч баярлалаа гэх нь дээр байх (инээв). Гэхдээ л цахим орчинд хүний тархийг ямар амархан угааж болдгийг мэдэрлээ шүү.

-“Намайг сонгооч” нэвтрүүлгийн оролцогч Ганга болон бодит амьдрал дээрх Ганга хоёрын ялгааг уншигчдад хэлээч?

-Ер нь л “Намайг сонгооч” нэвтрүүлэгт оролцсон Ганга, тайзан дээр байдаг Ганга бол бодит амьдрал дээрх Гангаас тэс өөр хүмүүс шүү дээ. Ганц би гэлтгүй, бүгд л тийм. Би бол алдаж, онож явдаг, хүсэл мөрөөдөл, зорилготой, бусдын л адил амьдрах гэж яваа нэгэн залуу. Би доллар биш, бүх хүнд таалагдах албагүй. Долларт ч дургүй хүн байдаг шүү дээ.

М.Маралмичид

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.