Хүний заяаг олж мэндлэхдээ эхийн хэвлийд ганцаараа биш, хоёулаа, гурвуулаа, дөрвүүлээ бүрэлдэнэ гэдэг ховор тохиох аз завшаан билээ. Шри Ланкын эрх баригчид ийм азтай хувь тохиолоор хорвоод мэндэлсэн ихрүүдийг нэг дор цуглуулж дэлхийн дээд амжилт эвдэхээр төлөвлөсөн байна. Гэвч урьдчилан тооцож байснаас хэт олон хүн цугласан тул оролдлого бүтэлгүйтжээ.
Тайваньд 1999 онд хоёр ихэр 3,961, гурван ихэр 37, дөрвөн ихэр дөрөв цуглаж Геннисийн амжилт тогтоосноос хойш энэ амжилтыг эвдсэн тохиолдол гараагүй ажээ. Харин Шри Ланкын ихрүүд нэртэй арга хэмжээг нийслэл Коломбо хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулснаар уг амжилтыг эвдэж Геннисийн номонд бичигдэхийг оролдсон байна.
Даваа гарагт зохион байгуулсан арга хэмжээн дээр тооцож байснаас хэт олон ихэр ирж, урт дараалал үүсгэн бүртгэлийн ажилтнууд ачаалалд дарагдсан байна. Зохион байгуулагчид 5,000 хоёр ихэр цугларна гэж тооцсон ч арга хэмжээнд бүртгүүлэхээр 14,000 ихэр иржээ. Бүртгэлд багтахын тулд тэд хамгийн багадаа таван минутын хугацаа зарцуулж бичиг баримтаа бүртгүүлж, зургаа авахуулах шаардлагатай болсон байна.
Дараагийн удаа зохион байгуулагчид илүү өргөн хүрээтэйгээр уг арга хэмжээг дахин зохион байгуулж Геннисийн амжилт эвдэхдээ итгэлтэй байгаа гэжээ.
Эх сурвалж: The BBC