Нэг удаагийн хуванцар, гялгар уутны хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ энэ төрлийн хэрэглээгээ бууруулах шийдвэр гаргажээ. Хятадын эрх баригчид 2020 онд багтан байгальд шингэдэггүй уут савны хэрэглээг томоохон хотуудад хорьж, 2022 он гэхэд бусад хот, тосгонд шинэ хууль дүрмийг бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн зоогийн газруудад нэг удаагийн соруул хэрэглэхийг энэ онд багтаж таслан зогсооно гэж мэдэгджээ. Хятадын эрх баригчдад ойрын жилүүдэд 1,4 тэрбум иргэний ялгаруулж буй хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэх нь хүндхэн бэрхшээл болоод байгаа юм. Тус улсын 100 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээтэй хамгийн том хогийн цэг тооцоолж байснаас 25 жилийн өмнө дүүрсэн тухай бид мэдээлж байсан.
2017 онд л гэхэд Хятадын төвийн бүсийн оршин суугчид 215 сая тн хог хаягдал цуглуулжээ. Гэвч их хэмжээгээр ялгарч буй хог хаягдлыг дахин боловсруулах ажил бараг хийгддэггүй байна.Тиймээс хог хаягдлыг бууруулахаар санаачилсан Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны шинэ бодлого ирэх таван жилийн хугацаанд хэрэгжинэ гэжээ.
Эх сурвалж: The BBC