Манай орны урд хөрш БНХАУ-д өнгөрсөн амралтын хоёр хоногт нууцлаг титем вирусээр 139 хүн шинээр халдварласныг эх сурвалжууд мэдээллэж байна. Мөн нууцлаг халдвар анх илэрсэн Ухань хотоос гадна хүрээгээ тэлж, бусад томоохон хотуудад тархсан болохыг онцолжээ.
Нийслэл Бээжин, Шэнзэн хотуудад шинээр халдварууд илэрсэн байна. Одоогоор Хятадын нутаг дэвсгэр даяар нийт 200 хүн титэм вирусээр халдварлаж, гурван хүн амьсгал хураагаад байна. Халдварын тохиолдол өнгөрсөн хоёр хоногт эрс нэмэгдсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тайлбарлахдаа халдварын шинж тэмдгийг илрүүлэх, хайх ажил эрчимжсэнтэй холбоотой гэж үзсэн байна.
Хамгийн эхлээд өнгөрсөн оны 12 дугаар сард Ухань хотоос илэрсэн, урьд өмнө бүртгэгдэж байгаагүй учир битүүлэг титэм вирус хэдийнээ Тайланд болон Япон улсуудад бүртгэгдсэн. Шинжээчид одоо илэрч байгаагаас ч олон хүн уг вирусээр халдварласан байх магадлал өндөр гэдгийг анхааруулж байгаа юм.
Хүнээс хүнд халдахдаа тун ойрын холбоо хамааралтай тохиолдолд л халдварлаж байгаа тул мал амьтнаас гаралтай байж болзошгүй гэж таамаглаж байна. Түүхий мах, өндөг зэрэг амьтны гаралтай ханиад ихэвчлэн ийм шинж тэмдэгтэй байдаг гэж үзжээ.
Эх сурвалж: The BBC