Японы Парламентаас тэтгэврийн бодлогод өөрчлөлт оруулах саналыг дэмжсэн байна. 2021 оноос хэрэгжих хуулийн дагуу өндөр настнуудын тэтгэврийг хэрэглээний үнийн индекс болон цалин буурах үед давхар бууруулахаар болжээ. Японд 60-аас дээш насны хүний тоо нэмэгдэж байгаагийн улмаас зөвхөн тэтгэвэрт жил бүр 500 тэрбум ам.доллар зарцуулж байгаа аж. Үүнээс гадна хэрэглээний үнийн индекс, цалингийн хэмжээ буурсаар байхад тэтгэвэрт өөрчлөлт орохгүй байгаа нь тэтгэврийн системийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэж Японы Засгийн газраас үзэж байгаа юм.
Иймээс 2021 оноос тэтгэврийн тогтолцоог өөрчилснөөр Засгийн газрын тэтгэврийн зарцуулалтыг бууруулах бүрэн боломжтой гэж албаныхан мэдэгдсэн байна. Зөвхөн Японд ч бус БНХАУ-д тэтгэврийн насны хүний тоо хурдацтай өсөж байгаа юм. Тус улсын хүн амын хөгшрөх үйл явц үргэлжилсээр 2055 онд гэхэд 400 сая өндөр настан амьдрах төлөвтэй байгаа тухай Хятадын Нийгмийн ухааны академиас гаргасан тайланд дурджээ.
Судлаачдын тооцоолсноор, 2030 он гэхэд Хятадад 65-аас дээш насны буюу тэтгэврийн насны хүний тоо 280 саяд хүрснээр таван хүн тутмын нэг нь тэтгэвэр авах аж. Дахин 25 жил өнгөрөхөд хижээл настнуудын тоо Хятадын хүн амын гуравны нэгийг эзлэхээр байгаа гэнэ. Түүнчлэн дэлхийн хэмжээнд өндөр настнуудын тоо ойрын 10-15 жилийн хугацаанд жил бүр 0.5 хувиар эрчимтэй нэмэгдэх аж. Тухайлбал, Япон эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2065 он гэхэд 85 болж нэмэгдэх төлөвтэй байгаа бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 87-гоос 91 болох хандлагатай байгаа аж.