Латин Америкийн Парагвай улсын Бразилтай хиллэдэг бүс нутагт байдаг хорих газраас 75 хоригдол нэг дор оргосон хэрэг гарчээ. Эрх баригчид уг хэргийг мөрдөн шалгаж ийм олон хүн харуул, хуягуудад мэдэгдэлгүй хэрхэн оргон зайлсныг нягтлан шалгаж байна. Тэд бүхэл бүтэн блокоос хоригдлууд зугтаж байгааг харуулууд мэдээгүй өнгөрөх учиргүй гэж мэдэгджээ.
Парагвайн Педро Хуан Кабаллеро хотод байдаг хорих газарт ням гарагт шалгалт хийх үеэр цагдаа нар Бразилийн хамгийн том зохион байгуулалттай гэмт бүлгийнхнийг хорьж байсан блок тэр чигтээ хоосон байгааг илрүүлжээ. Тэдний нэг хонгилоор зугтах гэж байхад үйлдэл дээр нь баривчилж амжсан байна.
First Command of the Capital буюу PPC нэртэй бүлгэм нь Бразил улсад үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалттай хамгийн том гэмт бүлэг юм. Тэдний хоригдож байсан блокийн нэг өрөөнөөс 200 гаруй ууталсан элс олжээ. Тэд хорих газраас оргохоор хонгил ухаж бэлдсэн нь илэрсэн ч 75-уулаа энэ хонгилоор оргосон байх боломжгүй гэж үзэж байна.
Албаныхан тэднийг оргон зайлахад тус хорих газрын ажилтнууд тусалсан гэж сэрдэж байгаа юм. Хоригдлуудын зарим нь хонгилоор зугтсан байж болох ч зарим нь шоронгийн хуяг харуулуудын тусламжтай төв хаалгаар гарч явсан гэж үзжээ.
РРС нь Бразилийн ихийн их хот Сан Паулод төвтэй, 30,000 гишүүнтэй гэмт хэргийн бүлэглэл юм. Хууль бус хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг наймаалдаг ба хөрш Парагвай, Боливи, Колумб улсуудад аалзны тор мэт сүлжээ нь тарсан байна.
Парагвай улсын Дотоод хэргийн сайд Эуклидес Акеведо хорих газрын ажилтнууд хоригдлуудыг оргоход тусалсан гэдэг нь гарцаагүй гэж мэдэгджээ. Хорих газрын захирлыг эзгүй хойгуур оргодлууд зугтсан байгаагаас харахад тэд урьдчилан төлөвлөсөн ба ойрын мэдээлэгчтэй байсан гэж үзэв.
Хуульзүйн сайд Сицилиа Перез тус хорихын ажилтнуудыг бүгдийг нь халж, баривчлан саатуулах тушаал гаргасныг Ла Национ испани хэл дээр гардаг сонинд нийтэлжээ. Мөн хуягуудад 80,000 ам.долларын хахууль өгсөн гэж зарим эх сурвалжид ч дурдсан байна.
Эх сурвалж: The BBC