Сэтгүүлч Жамал Кашоггийг Истанбул дахь Саудын Арабын Консулын байранд алуулсан гэж үзэж байгаа. Түүний цогцос олдоогүй байгаа тул болсон явдлын талаар албан ёсны бодит мэдээлэл өгөхийг өрнөдийнхөн Риядаас шаардсаар байна.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Кашоггийн үхлийн талаар мэдээлэл хийх хүртэл Саудын Араб улсад зэвсэг борлуулахаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Герман улс Саудын Арабт шууд шахалт үзүүлж, зэвсгийн наймаагаа зогсоосон анхны орон болж байна.
Саудын Араб улс Алжирын дараа хоёрдугаарт ордог Германы зэр зэвсгийн томоохон худалдан авагч юм. Энэ жил Берлинээс 477 сая ам.долларын зэвсэг, техник худалдаж авсан байна. Харин Риядын хувьд АНУ, ОХУ, Францын дараа Герман дөрөв дэх том борлуулагч зах зээл юм.
ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Петр Алтмайер Европын Холбооны бусад улс орнуудыг Риядын эрх баригчдад дарамт шахалт үзүүлэхийг уриалсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Араб улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх тал дээр ихээхэн сэтгэл зовниж байна. Хоёр улсын зэвсгийн наймааны зах зээл Америкт 600,000 ажлын байр бий болгожээ.
Эх сурвалж: www.qz.com