Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар "Хөх сувд" мөсний баярыг 2020 оны 3 дугаар сарын 2,3,4-ний өдөр "Хөх сувд дэлхийн нүүдэлчдийн мөсний баяр" сэдвийн хүрээнд тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулах мөсний баярын үеэр анх удаа "Хөх сувд" баярын 20 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, нүүдэлчдийн соёлыг харуулсан дархад цагаан адууг сэтэрлэх зан үйл болно.
Хамгийн гол онцлог нь энэ удаад хоймор нутгийн зургаа дахь хошуу мал цааг олон нийтэд таниулан сурталчлах "Цаатны хотхон" байгуулах юм байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баярыг гадна, дотны 20-30 орчим мянган тогтмол үзэж, сонирхдог. Тэдний мөсний баяраар үзэхийг хүсдэг гол үзвэр нь цаа буга, цаатан ахуй юм. Тиймдээ ч энэ жилээс "Цаатны хотхон" байгуулж олон нийтэд цаатнуудын ахуй амьдралын онцлог, цаа бугатай ойроос танилцах боломжийг олгох юм байна.
Цаа бугын тоо толгой өнөө жил 240-өөр нэмэгдэж 2636 болжээ.