ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт 1993 оноос хойш гар хүрээгүй Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн эрхийг Парламентад шилжүүлэх тухай ярьсны дараа Ерөнхий сайд Дмитрий Медведев Засгийн газраа огцруулсан билээ. Энэ тухай мэдээгүй байсан Засгийн газрын гишүүдэд хүндхэн цохилт болсон талаар гадны эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Медведевийг Үндэсний аюулгүй байдлын дэд даргаар томилж, Засгийн эрхийг Холбооны татварын албаны даргаар ажиллаж байсан 54 настай Михаил Мишустин гэгчид шилжүүлсэн билээ. Үүний дараа олон улсын хэвлэлүүд Мишустин гэж чухам хэн болох талаар сурвалжилж, эрэл хайгуулд гарсан.
CNN агентлагийн бичсэнээр мягмар гарагт шинээр томилогдсон Ерөнхий сайд Мишустины талаар мэдээлэл хайхад лхагва гарагийн үд дунд хүртэл бүхнийг мэдэгч Wiki цахим толинд англи хэл дээр мэдээлэл нь ороогүй байсныг баталжээ. Харин сүүлд нэмэгдсэн мэдээллээр Оросын шинэ Ерөнхий сайд 1966 онд Москвагийн захад байдаг Лобня тосгонд төрсөн байна. Аав нь Оросын Еврей гаралтай, ээж нь Армени эмэгтэй байжээ.
1989 онд Станкиныг инженерийн мэргэжлээр төгсөж, төгссөнийхөө дараа ашгийн бус Олон улсын компьютерын клубыг тэргүүлж, туршилтын лабораторийн захирлаар ажиллаж байсан байна. Эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй бөгөөд 1998 онд төрийн албанд мэдээллийн туслах ажилтнаар орж, ОХУ-ын татварын дэд сайдын алба, Эдийн засгийн хөгжлийн яамны салбар холбооны агентлагийн тэргүүний алба хаших хүртэл дэвшжээ.
2008 онд төрийн албыг орхиж хувийн бизнестээ илүү анхаарах болсон байна. Харин 2009 онд Ерөнхийлөгчийн хүний нөөцийн албанд нэгджээ. Ингээд 2010 оноос хойш энэ долоо хоногийг хүртэл Холбооны татварын албаны даргаар ажилласан байна. Инженер суурьтай ч холбоо мэдээллийн технологи, хөрөнгө мөнгөний зах зээл, эдийн засаг санхүүгийн өргөн хүрээний мэдлэгтэй болох нь товч намтраас нь тодхон харагдаж байгаа юм.
Улс төрийн үймээн бужигнаан дунд төрийн Дум Мишустиныг пүрэв гарагт Ерөнхий сайдаар батлан дэмжсэн байна. Түүнийг улсын санхүүгийн тогтолцоог удаа дараа амжилттай шинэчилж чадсан бөгөөд олон нийтэд төдийлөн танигдаагүй, улс төрийн амбиц багатай нэгэн гэж барууны эх сурвалжуудад онцолжээ. Хувийн амьдралын тухайд гэрлэсэн, гурван хүүтэй ажээ.
Эх сурвалж: CNN