Хонконгоос АНУ-ын нутаг дэвсгэрийг чиглэсэн онгоцны зорчигчийг нислэгийн компани бие давхар гэж сэрдсэн тул албадан жирэмсний сорил тавиулжээ. Эмэгтэй бие давхар биш гэдгээ сорилоор баталж, нислэгийн компани зорчигчоос хүлцэл өчсөн байна.
25 настай Мидори Нишида Хонконг Экспресс Эйрвэйс компанийн онгоцоор өнгөрсөн 11 дүгээр сард Номхон далайн Мариана арлуудын нэг Сайпан арал руу нисэх гэж байжээ. Эдгээр арлууд нь Америкийн эзэмшилд байдаг тул бие давхар гадны эмэгтэйчүүд очиж амаржин, Америкийн иргэншилтэй болохыг оролддог байна. Тиймээс нислэг үйлдэж буй компаниуд хяналт тавин ажилладаг ажээ.
2018 онд Умард Мариана арлуудад зорчиж байгаад амаржсан аялагч жуулчдын тоо арлын оршин суугчдаас илүү байсан юм. Тэдгээр жуулчдын ихэнх нь хятад эмэгтэйчүүд байжээ.
Хатагтай Нишида нь Сайпан аралд өссөн бөгөөд одоо Токиод амьдардаг. Тэрээр 20 гаруй жил уулзаагүй гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар арал руу ниссэн боловч нислэгийн өмнө албадан жирэмсний сорил тавиулжээ. Үүнийг тэрээр хүнлэг бус, хүний эрх зөрчсөн хэмээн буруутгаж гомдол мэдүүлсэн байна. Хонконгийн нислэгийн компани эхлээд түүний гомдлыг авч хэлэлцээгүй ч хэдэн сарын дараа ийнхүү албан ёсоор уучлалт гуйжээ.
Эх сурвалж: The BBC