Манай орны урд хөрш БНХАУ-д урьд өмнө илэрч байгаагүй учир битүүлэг, шинэ төрлийн коронавирус тархаад байгаа. Уг халдвараар Хятадад нэг иргэн амиа алдсан бол Япон улсад анхны тохиолдол илэрчээ. Үүний дараахан АНУ-ын төрийн департаментаас БНХАУ-ын нутаг дэвсгэрт болоод халдвар тархсан улс оронд зорчиж буй иргэдэд сэрэмжлүүлэг өгсөн байна.
Японы Канагава мужийн оршин суугч 30 орчим насны эрэгтэй Хятадын Ухань хотод аялаад иржээ. Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан байна. Эрүүл мэндийн яамнаас уг эрэгтэй Хятадад тархаад буй коронавирусээр халдварласан болохыг албан ёсоор мэдэгджээ.
Хятадын төвийн бүсийн Ухань хот нь коронавирусээс үүдэлтэй учир битүүлэг уушгины халдварт өвчний голомт болоод байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энд 41 хүн халдвар авч, 61 настай эрэгтэй таалал төгсчээ.
Тайланд улсын эрүүл мэндийн газраас билгийн тооллоор шинэ оноо угтах баяр буюу цагаан сараар аялагч зорчигчдын тоо ихэсдэг тул хяналт, сэрэмжээ сайжруулах алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэжээ. Цагаан сарын үед дунджаар 800,000 гаруй жуулчин Хятадаас ирдэг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжүүдийг гаргасан. Мөн вирусын халдвар өвчтэй хүн хажуугаар өнгөрөх, юм ярих төдийд халдварлахгүй болохыг мэдэгдсэн байна. Харин эмнэлгийн орчинд халдварлах магадлал өндөр гэжээ. Нийтлэг шинж нь хамраас шингэн зүйл гоожих, толгой өвдөх, ханиах, халуурах ба амьсгаа ойр ойрхон давхцаж, биеийн бүх хэсэг шархирч өвддөг байна.
Эх сурвалж: The Guardian