Ард Түмний Олонхийн Засаглал намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ. Улсын Дээд шүүхэд АТОЗ намаас ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Харин Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Төв зөвлөлийн ээлжит 3 дугаар хурлын тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн байна.
Ташрамд хэлэхэд, 2019 оны зургадугаар сард Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг Ерөнхийлөгч Х.Баттулга түдгэлзүүлснээс болж Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын үйл ажиллагаа доголдож, хуралдаан хийх боломжгүйд хүрээд байсан юм.
Харин өнгөрсөн долоо хоногт тус шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа нарын бүрэн эрхийг сэргээснээр тус шүүх хэрэг хянах боломжтой болсон бөгөөд шийдэгдэхгүй хуримтлагдаад байсан 1300 асуудлыг эхнээс хэлэлцэн шийдвэрлэж эхлээд байгаа нь энэ юм.