УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “Дуудлага”, “Заагийг задлахуй” номын нээлтийг "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимаас шууд дамжуулан хүргэж байна.
Энэхүү ёслолын арга хэмжээ нь Монгол Улсын түүхийг эрдэмтэн судлаачтай ярилцан хүүрнэх хэлбэрээр бичсэн, хөгжлийн гарц гаргалгаа дэвшүүлсэн “Дуудлага” , хоёр жилийн өмнө хэвлэн гаргасан “ЗААГ” номын тухай шүүмжүүдийг эмхэтгэсэн “ЗААГ-ийг задлахуй”, “ЗААГ” номыг монгол бичгээр хөрвүүлсэн хувилбар, мөн орос хэл дээр орчуулсан орчуулга гэсэн дөрвөн номын баринтагийг задалж байгаагаараа онцлог юм. Түүний номуудын гол баатрууд болох академич, судлаач, эрдэмтэн, зохиолч гэсэн 30 гаруй эрхэм хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж, Монгол Улсын хөгжлийн гарцын талаар өгүүлж, санал дэвшүүлж байна.
Зохиогч өөрийнхөө намтарт тулгуурлан Монгол Улсын 60 жилийн түүхийг өгүүлсэн “ЗААГ” номоо солонгос, герман, хятад хэл дээр орчуулан гаргахаар ажиллаж байгааг дуулгая.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө өөрийн тухай "Зааг" гэж ном бичсэн. Энэ ном бичсэн зорилго нь миний намтар төдий бус зүүн, баруун хэмээн хуваагдаж, хэдэн арван жил өнгөрсний хойно эргэж нэгдсэн Герман улсын хоёр нийгмийн аль алинд нь сурч ажиллаж, аж төрж амьдарч байсан хүний хувьд бидний эргэн тойронд буй болсон аливаа хуваагдал, талцал, зааг ялгаа, хана хэрэм, хязгаарлалт бидэнд юу өгөв, энэ хөгжил дэвшил мөн үү, яагаад заавал бие биеэсээ холдоод, тусгаарлагдаад, тэр хэрээрээ дайсагналцаад байгаа юм бэ гэсэн бодлоор зааг номоо бичиж байсан. ЗААГ БАЙХ ЁСТОЙ ТЭР ГАЗАРТАА Л БАЙГ, байх ёсгүй газраа нэг ч өдөр, нэг ч цаг бүү байг гэдэг үзэл маань одоо ч хэвээр байгаа.
Харин номыг маань 10 жилийн сурагчаас эхлээд эрдэмтэн судлаач, зохиолчид олон хүн тоож уншаад зогсохгүй, бүр янз бүрийн өнцөг, өнгө будагтай задлан шинэжилсэн шүүмжүүд бичсэн байлаа. Заримыг нь би хэвлэл мэдээллээс олж хараагүйг үгүйсгэхгүй ээ. Хамгийн олзуурхууштай нь, тэрхүү шүүмжүүдэд хүн болгон өөрийн санаа бодлоо бичсэн ч санаа нь давтагдашгүй байсан нь сонирхолтой санагдсан. Түүгээр ч зогсохгүй, ирээдүйд улс орны хөгжлийн талаарх гарц гаргалгаанд асуулт тавьсан, бодлогын чиглэлээр хариулт нэхсэн, дараагийн даалгаврыг хүлээсэн хүлээлт байсан ч анзаарагдсан. Тиймээс зөвхөн өөрөө уншаад, бясалгаад суух бус өргөн түмэндээ, уншигчдадаа өөрийн санал бодлоо хуваалцах үүднээс “Заагийг задлахуй” номоо эмхэтгэж, барьсан маань энэ.
Монголчууд үгэн дотор үг, үхэр дотор гяван гэдэг. Шүүмж бичигсэд маань ёс мэт хөгжлийн гарц, гаргалгааны талаар асуулт тавин орхисон байх. Тэднийхээ захиас даалгаврыг санан санан “Зааг” номынхоо наймдугаар бүлгийг дэлгэрүүлэн 60 жилийн түүхийг бус ертөнцийн чихнээ дуурсагдсан омог бардам монгол үндэстэний угсаа гарвал, туулж ирсэн замнал, бахархлыг хүүрнэж, олон улсад монголоо зөвөөр таниулахыг чадан ядан хичээсэн “Дуудлага ” хэмээн номоо бичихэд хүргэсэн.
Гэхдээ монголчуудын эрт эдүгээгийн түүх шастир, өнөөгийн хөгжлийн талаар эмхэтгэн бичихэд мөхөс миний мэдсэн, судалсан, уншсан тунгаасан нь багадах тул шинжлэх ухааны салбар бүртээ сор болсон эрдэмтэн судлаач доктор, профессор төр нийгмийн гавьяат зүтгэлтнүүдтэй уулзаж ярилцан байж энэхүү номоо эмхэтгэсэн юм. Дахин хэлэхэд эдгээр бүтээлүүд маань хэдийгээр надаар овоглож байгаа ч энд сууж байгаа 30 гаруй хүмүүсийн хөдөлмөр, хамтын бүтээл гэж ойлгож болно.
Миний хувьд номын нэрээ өгөхдөө гурван өдөр бодсон. Эцэг хүн хүүдээ ёс төртэй нэр хайх дайны юм болсон. “Дуудлага” хэмээн нэр өгсний учир нь эх газрын хэвлийдээ ч, эцэг өвгөдийнхөө туулсан замналаар ч баялаг түүх, шастиртай энэ улс өнөөдөр сэрэх цаг болжээ гэж тунгаасан хэрэг.
Энэ ном зөвхөн гадныханд төдийгүй монголчуудад хүн төрөлхтний түүх, нүүдэлчний соёл, ёс заншлыг элгэндээ хадгалсан гайхамшигт түүхийн эзэд гэдгийг нь санаж сэрээн өгч, цээжинд бөхсөн монгол омогшлыг нь бадрааж, хөгжлийн гарц бидний л гарт байгааг сануулж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг уриалсан миний, Та бүхний “Дуудлага” байлаа.
Түүх соёл, өв уламжлал, оюуны өндөр чадвартай боловсон хүчин, эрүүл Монгол хүн, ирээдүй бидэнд байна. Тиймээс дуудлагыг бид эхлүүлж, монгол түмэндээ давалгаалуулж, сэтгэлгээний хувьсгал хийн, хандлагаа өөрчлөн эх орноо хөгжүүлэхийн төлөө хүн бүхэн хэр чадлаараа хүчин зүтгэхийг уриалахыг хүсч байна хэмээн онцлон хэлсэн юм.