Тэтгэврийн зээл тэглэсэн шийдвэрээс үүдэн ОУВС манай улстай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө зогсооно, үүнээс үүдэн эдийн засагт сөрөг нөлөө үүснэ гэх мэт байр суурьтай хэсэг УИХ-ын гишүүд байхад зарим нь анхнаасаа ОУВС-тай хамтрах хэрэггүй байсан гэж үзэж буй. Уг асуудал дээр бид УИХ-ын гишүүдийн байр суурийг үргэлжлүүлэн сонсож байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Тэтгэврийн зээл тэглэсэн шийдвэр ОУВС-ийн хөтөлбөртэй харшилж байгаа нь ойлгомжтой л доо. Анхнаасаа сайн судлах ёстой асуудал байсан. Ер нь цаашид ОУВС-тай нэлээд тулж ажиллах шаардлага гарах байх. Миний болгоомжлол бол ОУВС хөтөлбөрөө зогсоочих вий. Зогсоодоггүй юм гэхэд Япон, АХБ зэрэг хөрөнгө оруулагчдаас орж ирэх хөрөнгө зогсчих вий. Манай эдийн засагт хүндрэл учрахвий гэсэн болгоомжлол байна. Мэдээж Засгийн газар тооцоо, судалгаа хийсэн байх.
Энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд цаашид яах вэ?
Бид нэгэнт олон улсын байгууллагын өмнө үүрэг хүлээсэн бол үүргээ биелүүлэх нь манай улсын нэр хүндтэй холбоотой асуудал. Цаашдаа эдийн засаг,санхүүгийн чиглэлд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад тавигдах дүн. Бид дүнгээ хэрхэн тавиулах гэдэг нь мөдхөн шийдэгдэнэ.
"Саарал жагсаалт"-аас гарахын тулд долоон хууль,тогтоомжид өөрчлөлт өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл нэг нь ч хэрэгжээгүй байна?
"Саарал жагсаалт"-тай холбоотой асуудлаарх хурал одоо Бээжинд болж байгаа юм байна. Монгол банк зэрэг холбогдох газруудаас тодрууллаа. Сангийн яам ч юм уу, Монгол банк дангаараа асуудлыг шийдэхгүй. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр шийдэх ёстой. Бид олон улсын түвшинд ажиллаж мэргэшсэн ,”Саарал жагсаалт”-аас гаргадаг, дэлхийн томоохон аудитын байгууллагатай хамтран ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Цаг алдах тусам зардал нэмэгдэнэ гэдгийг бодох ёстой.