Орхон аймгийн иргэн Э.Баярхүү төрийн захиргааны мэргэжилтэн эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр төрийн албыг цэвэршүүлэх, аймгийн Засаг дарга Д.Батлутын хууль бус үйлдлийн талаар өөрийн фэйсбүүк хуудсандаа дамжуулан илэрхийлдэг байна. 2019 онд аймгийнхаа залуустай нэгдэн МАНАН дэглэмийн эсрэг аймагтаа жагсаал цуглаан хүртэл хийжээ.
Орхон аймгийн иргэн Э.Баярхүү:
-Би өөрийн фэйсбүүк хуудсаар Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын хууль бус үйлдэл, төрийн захиргааны бусармаг үйлдлийн талаар мэдээлсний төлөө хэрэгт холбогдох болсон.
Д.Батлут Засаг дарга болонгуутаа өөртөө цоо шинэ автомашиныг НИТХ-ын бланкан дээр гарын үсэг зурж авсан. Сүүлийн дөрвөн жил төсвийн мөнгийг найр, наадамд зарцуулсан байдлыг шүүмжлэн хэлсэн.
Хууль бус газар олголтын талаар хүртэл Орхон аймгийн иргэдтэй нийлэн мэдээлж байсан. Засаг дарга Д.Батлутын хууль бус үйлдлийг эсэргүүцсэний төлөө өнгөрсөн оны тавдугаар сард "Нөгөө шударга ёс ярьсан Шинэ Эрдэнэт нэртэй Э.Баярхүү хүн хутгалжээ" гэсэн мэдээллийг Орхон аймгийн зарын болон бусад фэйсбүүк хуудсаар дамжуулан тараасан байдаг. Гүтгэгдэж холбогдсон хэргийг шалгаж эхлээгүй байхад Орхон аймгийн Засаг дарга надтай таван удаа уулзсан. Уулзах бүрдээ фэйсбүүктэй надтай холбоотой, бусад зүйлийг битгий нийтэд мэдээл, чимээгүй бай, тэгвэл хэргээс мултаж өгнө хэмээн дарамталсан.
Би хүлээн зөвшөөрөөгүй тул миний хэргийг нягталж шалгахгүй байгаа тул би хотод шалгуулах хүсэлтэй байна. Ингэснээр хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэж үзэж байна хэмээв.