Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Парисын “Гранпри”-гийн хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит Олон Улсын Тэмцээний алт, хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон Улсын Тэмцээний мөнгө, хүрэл, “Mongolia Open” Олон Улсын Тэмцээний хошой аварга, энэ жилийн улсын аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубын тамирчин ОУХМ Лувсандоржийн Төртогтох 92 кг-ын жинд зодоглож тавдугаар байрт оров.
Тэрбээр Дунай мөрний эрэгт эхний даваанд Казахстаны Нургали Нургайпулыг 2:1-ээр ялсан ч 1/4 шигшээд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Беларусийн Иван Янковскийд оноогоор цэвэр (0:10) ялагдсан юм. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд БНСУ-ын Ли Жон Куг 4:0-ээр ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд 2015 онд Азийн АШТ-д үзүүрлэж, “Мongolia Open”-д ирж түрүүлж байсан Японы Ацүши Мацүмотод 5:6-гаар харамсалтай ялагдав. Манай бөх барилдааны төгсгөлд тактикийн алдаа гаргав. Дэлхийн шилдгүүдтэй анх удаа хүч үзсэн түүнд Будапештийн дэвжээ том туршлага боллоо.