БНХАУ-ын хэвлэлүүдээр өнгөрсөн оны 10 дугаар сард ердөө 21 кг жинтэй ч 24 настай коллежийн оюутан охин өдөрт аяга соустай будаагаар гол зогоон амьдарч байгаа талаар дамжуулж, дэлхийн нийтийн анхааралд өртсөн юм. У Хуаян сэтгэцийн эмгэгтэй эрэгтэй дүүгээ тэжээхийн тулд Гуйжоу коллежийн гуравдугаар курсын оюутан хэдий ч ердөө 135 см өндөр төдийгүй хоногт хоёр юань буюу 30 центээр голоо зогоож иржээ.
Хэт ядуугаасаа болж хүнс тэжээлийн архаг дутагдалд орсон байсан У Хуаян энэ даваа гарагт Гуйжоу анагаах ухааны сургуулийн салбар эмнэлэгт нас барсан байна. Хэт их тураалд орсноос болж түүний толгойтой үснийх нь тал унаж, хөмсөггүй болсон байсан юм.
БНХАУ дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс боловч ядуурал хөшигний ард нуугдсаар байгааг У Хуаяны түүх бэлхэн харуулж байна. Хуаяны эцэг эх хоёр нь эмчилгээний зардалгүйгээс болж хэдий нь таалал төгсөж, эмээ эрэгтэй дүүтэйгээ амьдарч байсан ч эмээ нь ч мөн удалгүй таалал төгсчээ. Хуаян гэр бүлийнхэнтэйгээ ижил шалтгаанаар нас барахгүйн тулд өнгөрсөн жил бие нь өвдсөнөөр хэвлэлд хандсан байна.
Нийгмийн халамжаас сар бүр олгодог 300 юаниар хүнс залгуулахын сацуу сэтгэцийн эмгэгтэй дүүгийнхээ асаргаанд мөнгөө зориулахын тулд өөрийгөө үл ойшоож иржээ. Тэр өглөөний цай, бусад хоол хүнснээс бүрэн татгалзаж гэртээ бэлдсэн соустай будаагаар л өл залгуулдаг байсан юм. Өнгөрсөн 10 дугаар сард эмнэлэгт хэвтэхэд хөл гар нь хатингаршсан байдалтай, зүрхний хавхлаг нь хүнд гэмтсэн байсан бөгөөд хагалгааны зардал нь 200,000 юаний өртөгтэй хэмээн эмч нар хэлж байжээ. Энэ талаар дэлхий даяар тархаж Хуаянд зориулсан хандивын аян өрнөж, хагалгааны зардлаас гурав дахин их мөнгө хуримтлагдсан билээ. Гэвч түүний биеийн байдал өдөр ирэх бүр муудсаар байсныг энэ оны эхэнд хэвлэлүүдэд нийтэлсэн байна.
Эмэгтэйн таалал төгссөн тухай мэдээ Хятадын цахим орчинд тархаж, ард иргэд улс эх орны эрх баригчид оюутан бүсгүйн амийг аврахын тулд яагаад юу ч хийгээгүй юм бэ хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна.
Хятадын дарга Си Зиньпин ядууралтай тэмцэх аян эхлүүлснээ 2015 онд зарлаж, Дэлхийн банкны судалгаагаар ДНБ нь 2018 онд 13,6 их наяд ам.долларт хүрсэн билээ. Гэвч эдийн засгийн хурдацтай хөгжил Бээжин, Шанхай зэрэг том хотуудад аж төрж буй чинээлэг иргэд болон хөдөө орон нутаг, алс хязгаарт амьдарч буй ядуу иргэдийн дундах зааг ялгааг хэт холдуулж байна хэмээн шинжээчид анхааруулдаг юм.
Эх сурвалж: CNN