Монгол улсын Засгийн газар, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх уул уурхайтай холбоотой иргэдийн санал, гомдлын мөрөөр олон далайцтай үйл ажиллагаа явуулж байна. Хууль зөрчсөн компанийн тусгай зөвшөөрлийг хайр найргүй цуцалж байгаа бол ашигт малтмын хайгуул явуулахыг нэг жилээр хориглон, Монголд анх удаа экологийн цагдаагийн албатай боллоо. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд тавих хяналтыг чангатгахаар тогтлоо.
Үүнд, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн иж бүрдлийг хангах, цахим мэдээллийн төрөлжсөн санг 2020 оны I улиралд байгуулж, мэдээллийн санг төрийн байгууллагууд ашиглах, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх болов. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг үндэслэх, мөн олон нийтийн хяалтын дор явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох агентлагийн даргад үүрэг болгов.
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан дугуйт, гинжит техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээс, бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамаарч хураан авч улсын орлого болгох зэрэгтэй холбоотой зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулахаар төлөвлөжээ.